2025-07-07 14:271min00

Тунгалагийн Санчир Монгол Улсын Гавьяат Тамирчин боллоо

516754255_1060221556285378_1461671921201170031_n

Ардын хувьсгалын 104 жилийн ойн баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр зарим хүнд төрийн дээд цол, одон, медаль гардуулсан юм.

Тэдний нэг нь Монголын сагсан бөмбөгийн ертөнцөд тод мөрөө үлдээсэн эрхэм болох Тунгалагийн Санчир Монгол Улсын Гавьяат тамирчин боллоо.

Ингэснээр тэр энэ спортын төрлөөс гавьяат болж буй найм дахь тамирчин болж буй юм.

Монголын сагсан бөмбөгийн анхны гавьяат тамирчин болох Ц.Шаравжамц 2011, Т.Түвшинбаяр 2012 онд Ц.Элбэгдорж ерөнхийлөгчийн үед гавьяат цолоо авч байсан бол энэ жил Б.Билгүүн, хэдхэн хоногийн өмнө 3х3 сагсан бөмбөгийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ)-ээс мөнгөн медаль хүртсэн Мөнхсайханы Цэрэнлхам, Онолбаатарын Хулан, Бат-Эрдэнийн Ариунцэцэг, Нямжавын Нандинхүсэл нар гавьяатын тэмдгээ зүүсэн билээ.

Т.Санчир нь 2007 оноос Дээд лигт тоглож буй. Энэ хугацаанд лигийн дөрвөн удаагийн аварга, 21 аймгийн лигийн аварга, 16 удаагийн бүх одод, таван удаа лигийн тэргүүн тоглогч, 2011, 2021 оны бүх оддын тоглолтын шилдэг тоглогчоор тодорсон. Өнгөрсөн улиралд лигийн 30 жилийн ойгоор 30 шилдэг тамирчныг тодруулахад тэр багтсан.
Т.Санчирын өвөө нь Монгол Улсын Дархан аварга, Хөдөлмөрийн баатар Дарийн Дамдин бол аав нь Монгол Улсын гарди Д.Баяраа юм.

Түүнчлэн шатрын их мастер Алтан-Өлзийн Энхтуул гавьяатын тэмдгээ авлаа. Тэрбээр Монгол Улсаас төрсөн гурав дахь шатрын эмэгтэй их мастер цолтон юм.