2025-06-25 10:291min00

Э.Дөлгөөн бэртлийн улмаас талбайд гарахгүй болжээ

shu2

FIBA 3×3 World Cup 2025 буюу 3х3 сагсан бөмбөгийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Монгол Улсад болж байна.

Монголын эрэгтэй шигшээ багийн тамирчин Э.Дөлгөөн шилбэний булчингийн бэртлийн улмаас өнөөдөр талбайд гарах боломжгүй болж байна. Хэсгийн сүүлийн тоглолтод А.Ананд, Д.Дэлгэрням, О.Энхбаатар нар сэлгээний тоглогчгүй тоглохоор боллоо.

“В” хэсэгт багтсан Монголын шигшээ баг өнөөдөр Монтенегро, Япон улсын шигшээ багуудтай тоглоно. Энэ тоглолтын үр дүнгээс хамаарч хасагдах шатанд өрсөлдөх багийн нэр тодорно.

“В” хэсгийг АНУ, Латвийн шигшээ багууд хоёр хожилтой тэргүүлж эхэлсэн. Японы баг нэг хожил авснаар хэсгийн гуравдугаар байрт жагсаж байна.

3х3 сагсан бөмбөгийн ДАШТ-д шилдэг 20 баг дөрвөн хэсэгт хуваагдан өрсөлдөж байна. “А” хэсгийг Германы баг хоёр хожилтой тэргүүлж эхэлсэн бол Серб, Австралийн багууд удаалж буй. Харин “С” хэсэгт БНХАУ, Канад, “D” хэсэгт Испани, Нидерландын багууд хоёр хожилтой тэргүүлж эхэллээ.

Эрэгтэй багуудын хэсгийн сүүлийн тоглолтууд өнөөдөр, маргааш болж хасагдах шатанд өрсөлдөх багууд тодорно.

Монголын баг өнөөдрийн хоёр тоглолтоос нэг хожил авч чадвал хэсгийн гуравдугаар байраар шалгарч цааш дахин тоглох боломж гарна.

ХУВААРЬ:

Зургаадугаар сарын 25: Монтенегро-Монгол /эр, 18:00 цагт/

Зургаадугаар сарын 25: Монгол-Япон /эр, 20:15 цагт/

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй