“Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн онд усны ослоор дөрвөн иргэн амь насаа алдсан бол энэ оны эхний зургаан сарын байдлаар таван хүн нас барсан байна”

Нийслэлийн Онцгой Байдлын Газар (НОБГ)-аас хэт халалт үргэлжилж байгаатай холбогдуулан Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу иргэдийн хөдөлгөөн ихсэж, гол усны ослын эрсдэл нэмэгдэж байгаа талаар өнөөдөр мэдээлэл өглөө.
Энэ талаар НОБГ-ын дэд дарга, дэд хурандаа Э.Батбаяр “Цаг агаарын хэт халалт, хуурайшилтын нөхцөл байдалтай холбогдуулаад Улаанбаатар хотод 2025 он гарснаар
объектын гал түймэр 1,551,
шар өвсний түймэр 270,
ой хээрийн түймэр 4,
аюулт үзэгдэл, ослын 94,
усны ослын 7 дуудлага мэдээлэл бүртгэгджээ.
Дээрх тоон мэдээллийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад усны ослын дуудлага 30 хувиар нэмэгдсэн бол объектын болон ой хээрийн түймэр өссөн байна.
Харин техникийн холбогдолтой ослын дуудлага 60 орчим хувиар буурсан.
Манай байгууллагаас ослын төрөл бүрээр нь урьдчилан сэргийлэх арга хэмжээ тогтмол зохион байгуулдаг. Хэдийгээр ийм арга хэмжээг байнга хийж байгаа ч иргэд олон нийтийн санамсар болгоомжгүй болон буруутай үйлдлээс шалтгаалсан гамшиг ослын тоо өссөн хэвээр буй.
Сүүлийн жилүүдэд үзэгдэж байгаа цаг агаарын хэт халалттай холбоотойгоор Улаанбаатар хотын ойролцоох гол, тогтоол ус, нуур цөөрөм рүү иргэд их очдог болж байна. Иргэд голын эрэг дээр очоод сэрүүцэх, архидан согтуурах, хамт олноороо аялж зугаалах зэргээр цагаа өнгөрүүлэхдээ аюулгүй байдлыг сахиагүйгээс 2025 он гарснаар усны ослоор таван иргэн амь насаа алдсан харамсалтай баримт бий. Өнгөрсөн оны бүтэн жилийн байдлаар усны ослоор дөрвөн хүн амиа алдсан.
Өнгөрсөн жил хур тунадас ихтэй, гол ус үертэй байсан тул иргэдийн хөдөлгөөн бага байсан бол энэ жил бороо бага орж байгаатай холбогдуулан гол ус бараадах иргэдийн хөдөлгөөн эрс нэмэгдсэн.
Үүнтэй холбогдуулан нийслэлийн 9 дүүргийн хэмжээнд гол усны аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулж байна. Мөн Туул голын эрэг дагуу хүн ам ихээр цуглардаг 9 бүсэд хяналтын камер суурилуулсан. Эдгээр хяналтын камерын тусламжтайгаар эргүүл, хяналт шалгалтын ажил тогтмол явуулж байгаа.
Хэт халалттай холбоотойгоор иргэдийн хөдөлгөөн нэмэгдэж байгаа тул илүү болгоомжтой байхыг анхааруулъя” гэв.