“Говь” ХК-нд ажиллаж байсан 18 настай Л гэх залуу өчигдөр тус компанийн 2-3 метрийн урттай лаганд унаж, амь насаа алдсан хэрэг гарчээ. Залуугийн цогцсыг шөнийн 02:00 цагийн үед лагаас гаргаж авсан байна.
Талийгаачийн ар гэрийнхний өгсөн мэдээллээр, өчигдөр өглөөний 10:30 цагийн үед “Говь” ХК-ийн бохирын лаг шүүх газарт орж, бохир соруулах үүргийг тус компанийн удирдах албан тушаалтан өгчээ. Үүргийн дагуу 18 настай ажилтан залуу бохирын лаг шүүх газарт орсон бөгөөд үүнээс хойш гарч ирээгүй байна. Ажил тарах цаг өнгөрсөн ч залуу гэртээ ирээгүй, ажлынхантайгаа таараагүй байсан учраас хамт ажилладаг залуу гэрийнхнээс нь сураглаж асууснаар ар гэрийнхэн нь хайж эхэлжээ. Улмаар “Говь” ХК-ийн үйлдвэр дээр ирж, хүүгээ сурагласан ч компанийн зүгээс дотогш нэвтрүүлээгүй талаар талийгаачийн ээж Ц хэлж байв. Компанийнханд шаардлага тавьсны эцэст оройн 23.00 цагийн үед хяналтын камерийн бичлэгийг шалгахад талийгаач залуу бохир шүүх газар руу орсноос хойш гарч ирээгүй, ажлаасаа гарч явсан нь бичигдээгүй байсан учир Онцгой байдлын байгууллагад дуудлага өгчээ.
Онцгой байдлын аврагчид хэргийн газарт ирж, лаганд хуримтлагдсан бүх бохирыг соруулж авсанаар залуугийн цогцсыг шөнийн 02:00 цагийн үед гаргаж авчээ. Цогцсыг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд хүлээлгэн өгсөн бөгөөд хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж эхэлсэн байна.
Талийгаачийн цогцсыг эндээс олжээ.