Эрүүл мэндийн салбарынхан өнөөдөр/2019.06.10/-өөс эхлэн бэлгийн замаар дамжих халдварт өвчний нэг тэмбүүг устгахаар зорилт тавин ажиллах болно гэдгийг салбар яамны сайд Д.Сарангэрэл мэдэгдлээ.
Д.Сарангэрэл: Өнөөдөр Эрүүл мэндийн яамнаас бэлгийн замаар дамжих халдварт өвчин болох тэмбүү өвчинтэй “дайн зарлаж” байна. Өнөөдөр нийт халдварт өвчний дунд тэмбүү өвчний эзлэх хувь 35-40 хувьтай байна. Жилд ойролцоогоор 50-55 төрөлхийн тэмбүү өвчний тохиолдол илэрч байна.
Монгол Улсад 1990-ээд оноос өмнө нийт хүн амынхаа 95.5 хувийг тэмбүү өвчний урьдчилан сэргийлэх үзлэгт оруулж, 87 хувийг нь эмчилж байсан түүх бий. Одоо энэ бэлгийн замаар дамжих халдварт өвчинг устгаж, тэмцэх цаг нь болсон.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж УИХ-ын чуулганы хаалттай хуралдаанд хоёр удаа тэмбүү өвчний талаарх нөхцөл байдлын талаар мэдээлэл өгч байсан. Мөн одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга энэ чиглэлд анхаарлаа хандуулж байгаа. Тэмбүү өвчний талаар олон жил ярианаас цааш хэтрэлгүй, шүүмжилсээр ирлээ. Тиймээс салбар яамнаас хоёр жилийн хугацаанд хоёр том зорилттойгоор тэмбүү өвчинг устгахаар ажиллах гэж байна” гэдгийг онцлон хэлж байв.
Энэ үеэр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны өрхийн эмнэлгээс төлөөлөл ирж, мэдээлэл өглөө. Тус хороонд өнгөрсөн 2018 онд нийт 43 тэмбүү өвчнөөр өвдсөн жирэмсэн эх хандсан бол энэ оны байдлаар 13 тохиолдол бүртгэгдээд байгаа гэсэн мэдээллийг өрхийн эмнэлгийн дарга өгч байлаа. Мөн анхан шатны өрхийн эмнэлгүүдэд энэ өвчнийг эмчлэхэд багагүй хүндрэл учирч, хавьтагч нь эмчилгээнд хамрагдахгүй байх тохиолдол ч гардаг гэдгийг хэлсэн юм.
Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Я.Амаржаргал мэдээлэл өгөхдөө “Монгол Улсын нийт хүн амын дунд “Төрөлхийн тэмбүүг устгая” хоёр жилийн аянг зохион байгуулна. Уг аяны хүрээнд жирэмсэн эмэгтэйчүүдийн хяналтыг сайжруулж, төрөлхийн тэмбүү өвчний тохиолдлыг бууруулах болон хүн амын дунд тэмбүү өвчнийг оношилж, эмчлэх гэсэн хоёр том зорилтыг тавина ажиллана. Мөн аяны хугацаанд хүн амын дунд тархалт их байгаа эрсдэлт бүлгүүдэд хүрч ажиллах болно. Тухайлбал, уул уурхайн салбарт алт олборлож буй иргэдийн дунд өвчлөл их байна” гэв.
Энд нэг тоо баримт дурдвал, бэлгийн замаар дамжих тэмбүү халдварт өвчний улмаас 2018 онд 11 нярай нас барж, 14 амьгүй төрөлт бүртгэгдсэн байна. Харин 2019 оны эхний тавдугаар сард бүртгэгдсэн 29 тохиолдлын нэг хувь нь нас барж, амьгүй төрсөн гэх харамсалтай мэдээ байна.
Халдварт өвчин судлалын үндэсний төвийн захирал Д.Нямхүү мэдээлэл өглөө. Тэрбээр “”Монгол Улсын хэмжээнд бэлгийн замын халдварт өвчин Социализмын үетэй харьцуулахад эрс нэмэгдсэн. Нийгмийн хүчин зүйл болох архидалт, биеэ үнэлэлт, гэр бүл салалт, ядуурал зэрэг сөрөг үзэгдлээс үүдэлтэй гэлээ.