Казахстан Улсад өчигдөр /2019.06.09/ Ерөнхийлөгчийн сонгууль болж өнгөрлөө. Энэ удаагийн сонгуулийн ирц 77 хувь байсан нь Казахстаны түүхэнд ховор тохиолдол гэнэ. 2015 онд болсон Ерөнхийлөгчийн сонгууль 95 хувийн ирцтэй болж, нийт сонгогчдын 98 хувь нь Назарбаевыг сонгож байжээ.
Санал хураалтын урьдчилсан дүнгээр одоогийн Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Токаев нийт саналын 70 гаруй хувийг авчээ. Түүнтэй хамгийн ойрхон саналыг нэр дэвшигч Амиржан Косанов авсан байна.
“BBC” агентлаг өмнөх Ерөнхийлөгч Назарбаевын итгэмжлэгдсэн хүн сонгуульд ялах нь эхнээсээ тодорхой байсан гэж мэдээлэв. Санал хураалтын өдөр Нур-Султан, Алматы хотуудад “хуурамч” сонгуулийг эсэргүүцсэн олон мянган иргэдийн хөдөлгөөн өрнөлөө. Энэ нь сүүлийн 30 жилд тус улсын түүхэнд гарч байгаагүй томоохон тэмцэл байв.
Тус улсын Дотоод хэргийн яам мэдээлэхдээ өчигдөр орон даяар нийт 500 орчим тэмцэгчийг зөвшөөрөлгүй жагсаал цуглаан зохион байгуулсан бөгөөд эрх баригчид тэднийг радикал үйлдэл гаргасан шалтгаанаар баривчилсан гэжээ. Баривчлагдсан хүмүүсийн дунд хэд хэдэн сэтгүүлчид байжээ.
“ФрансПресс” агентлагийн сэтгүүлч Крис Риклтон “Твиттер” хуудастаа “Намайг мэргэжлийн үүргээ гүйцэтгэн явж байхад минь баривчиллаа. Нүдэн доорх хөхрөлт бол хуулийн байгууллагынхны бүдүүлэг харьцсаны үр дүн.
Гэхдээ намайг санаатайгаар зодоогүй. Намайг баривчлах явцад би цагдаагийн ажилтны өвдгийг мөргөж унасан. Миний магадлан итгэмжлэлийг хураасан гэсэн пост оруулжээ.