“Emerald men” продакшн, “Эрхэс” энтертайнментын хамтын бүтээл “Академи ажиллагаа” кино нээлтээ хийхэд бэлэн болжээ. Соёл Урлагийн Их Сургуулийг төгссөн мэргэжлийн уран бүтээлчдийн үүсгэн байгуулсан “Emerald men” продакшн өмнө нь “Код” хэтрүүлэгт инээдмийн киног бүтээж байсан бөгөөд “Академи ажиллагаа” тэдний хоёр дахь дэлгэцийн бүтээл болж байна.
Киноны найруулагч, зохиолчоор тус продакшны уран бүтээлч Л.Ариунболд ажилласан байна. Тэрбээр өмнө нь “Код”, “Бохир ертөнц”, “Зүрхэнд дуссан нулимс” киноны зохиолч, найруулагч, мөн “247 градус” киноны зохиолчоор тус тус ажиллаж байсан юм. Тулаант инээдэм жанраар бүтээгдсэн “Академи ажиллагаа” кинонд Цагдаагийн сургуулийн сонсогч залуус санаандгүй байдлаар хүүхэд барьцаалагдсан хэрэгтэй холбогдож, нууц мөрдлөг явуулж байгаагаар үйл явдал өрнөх аж.
Кинонд Э.Мөнхтулга, Б.Оюун-Эрдэнэ, С.Батзориг нарын залуу жүжигчид гол дүрийг бүтээсэн бол МУГЖ У.Батбаатар, МУСТА Ч.Болд, Д.Оюунтуул, жүжигчин А.Эрдэнэцэцэг, Т.Цэлмүүн нар туслах дүрийг амилуулсан байна. Харин продюсерээр Э.Мөнхтулга, зураглаачаар МУСТА Б.Золхүү, Б.Нарангэрэл нар ажиллажээ. “Академи ажиллагаа” киног хамтран бүтээсэн “Эрхэс” энтертайнмент өмнө нь “Эцсийн зогсоол Э цэг”, “Том дөрвөн толгойт” зэрэг киног бүтээж байжээ.
Тус уран бүтээлийн мэдээллийн спонсроор Монголын Үндэсний Сайтын Хөгжлийн Нэгдсэн Холбоо хамтран ажиллаж байна. “Академи ажиллагаа” киноны нээлт 6 дугаар сарын 14-нд болно.