УИХ-ын Пүрэв гаригийн чуулганы нэгдсэн хуралдаанаар нийт 12 хуулийн төсөл хэлэлцэхээр төлөвлөсөн. Өнөөдрийн хуралдааны эхэнд Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудлыг товлосны дагуу хэлэлцлээ.
ҮХЦ-ийн гишүүн Г.Ганзоригийн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон тул түүний оронд ЗГХЭГ-ын Тэргүүн дэд дарга Г.Баясгаланг дэвшүүлсэн. ҮХЦ-ийн гишүүн Г.Ганзоригийг чөлөөлөхийг гишүүдийн 79.6 хувь нь дэмжиж, мөн олонхийн саналаар ЗГХЭГ-ын Тэргүүн дэд дарга Г.Баясгаланг Цэцийн гишүүнээр томиллоо.
Г.Баясгалан нь 1981 онд Баянхонгор аймгийн нэгдүгээр 10 жилийг, 1985 онд Москва хотын улсын сургуулийг дүүргэсэн. Эрхзүйч мэргэжилтэй. 1991-1999 онд Улсын Ерөнхий прокурорын газарт прокурорын туслах, прокуророор, 1999 оноос ХЗДХЯ-ны Газрын дарга, ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, 2018 оноос ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргаар ажиллаж байв.