Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр Үндсэн хуулийн цэц болон Европын Зөвлөлийн Венецийн комиссоос хамтран зохион байгуулж буй “Эрх мэдлийн хуваарилалт ба Үндсэн хуулийн шүүх” сэдэвт олон улсын Бага хуралд оролцохоор манай оронд хүрэлцэн ирсэн Европын Зөвлөлийн Венецийн комиссын Ерөнхийлөгч эрхэмсэг ноён Джанни Букиккио тэргүүтэй төлөөлөгчдийг өчигдөр /2019-6-05/ хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр Монгол Улсын Үндсэн хуулийн цэц Европын Зөвлөлийн Венецийн комисстой хамтран “Эрх мэдлийн хуваарилалт ба Үндсэн хуулийн шүүх” сэдэвт олон улсын бага хурлыг Монгол Улсад анх удаа зохион байгуулж буйд баярлаж байгаагаа тэмдэглээд Монгол Улсын Үндсэн хуулийн цэц Европын Зөвлөлийн Венецийн комиссоос зохион байгуулж буй олон улсын арга хэмжээнд идэвхтэй оролцож байгаадаа сэтгэл хангалуун байна. Цаашид ч Үндсэн хуулийн эрх зүйн асуудлаар харилцан мэдээлэл, туршлага солилцох зэргээр Европын Зөвлөлийн Венецийн Комисстой харилцаа, хамтын ажиллагаагаа улам идэвхтэй хөгжүүлэхийн төлөө байна гэдгээ илэрхийллээ.
Уулзалтын үеэр Комиссын төлөөлөгчдийн сонирхсон зарим асуудал, тухайлбал, Монгол Улсад төрийн эрх мэдлийн хуваарилалтын асуудал эрх зүйн хувьд хэрхэн зохицуулагдсан зэрэг асуудлаар харилцан ярилцав.
Дараа нь Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр Европын Зөвлөлийн Венецийн комиссын Ерөнхийлөгч эрхэмсэг ноён Джанни Букиккиод Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн “Хүндэт тэмдэг”-ийг гардууллаа.Ардчилал, хүний эрх, хууль дээдлэх ёсыг хамгаалан бэхжүүлэх, Үндсэн хуулийн эрх зүйн асуудлаар зөвлөх, дэлхийн шүүх эрх мэдэл, Үндсэн хуулийн хяналтын байгууллагуудын олон талт хамтын ажиллагааг хөгжүүлэх үйлсэд түүний оруулсан хувь нэмрийг үнэлж ийнхүү шагнасан байна.
Венецийн комисс нь Европын Зөвлөлийн дэргэд Үндсэн хуулийн эрх зүйн асуудлаар зөвлөх эрхтэйгээр “Эрх зүйд үндэслэсэн ардчиллын төлөө” уриан дор ажилладаг байгууллага билээ. Одоо нийт 60 улс тус Комиссын гишүүнээр ажиллаж байгаа ажээ.
Мөн өдөр Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр өнөөдөр Улаанбаатар хотноо эхлэх “Эрх мэдлийн хуваарилалт ба Үндсэн хуулийн шүүх” сэдэвт олон улсын бага хуралд оролцох БНСУ-ын Үндсэн хуулийн шүүхийн шүүгч И Ён Жинийг хүлээн авч уулзав.
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд “Цахим шүүхийн үйлчилгээний тогтолцоо бий болгох” төслийг хэрэгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулсан БНСУ-ын Засгийн газар, Үндсэн хуулийн шүүх зэрэг байгууллагад талархсанаа илэрхийлэхийн сацуу уг төсөл маш амжилттай хэрэгжиж энэ хүрээнд олон сургалтууд сайн зохион байгуулагдсаныг Үндсэн хуулийн цэцийн дарга онцлон тэмдэглэв. Мөн тэрээр, Монгол Улсын Үндсэн хуулийн цэц, БНСУ-ын Үндсэн хуулийн шүүх нь найрсаг хамтын ажиллагааны олон жилийн түүхтэй бөгөөд цаашид сургалт, техник технологийн дэмжлэг туслалцаа үзүүлэх зэргээр туршлага судлах, тодорхой чиглэлээр илүү ойр дотно хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийллээ. Ийнхүү хоёр улсын Үндсэн хуулийн шүүхийн хамтын ажиллагаанд тогтсон уламжлалын дагуу БНСУ-ын Үндсэн хуулийн шүүхийн ерөнхийлөгч Юү Нам Сог Монгол Улсад айлчлал хийнэ гэж найдаж байгаагаа Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр илэрхийлэв.
Уулзалтын үеэр ноён И Ён Жин БНСУ-ын Үндсэн хуулийн шүүхийн Ерөнхийлөгч Юү Нам Согийн мэндчилгээг Үндсэн хуулийн цэцийн даргад уламжиллаа.
Мөн өдөр Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр ОХУ-ын Үндсэн хуулийн шүүхийн шүүгч А.Кокотов тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Энэ үеэр төлөөлөгчдийн тэргүүн нь Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаярт ОХУ-ын Үндсэн хуулийн шүүхийн дарга В.Д. Зорькины мэндчилгээг дамжуулан хүргэв.
ҮХЦ-ийн дарга Д.Одбаяр мэндчилгээг талархан хүлээн аваад ОХУ-ын Үндсэн хуулийн шүүх өргөн бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид ирүүлсэнд талархаж байгаагаа цохон хэллээ. Маргааш эхлэх олон улсын бага хурлаар Монгол Улсад төдийгүй олон улсад байнгын маргаан дагуулдаг чухал сэдвээр олон улсын Үндсэн хуулийн шүүгчид хуралдах гэж байгааг тулгамдсан асуудлаар харилцан мэдээлэл, туршлага солилцох, санал хуваалцах сайхан боломж гэж үзэж буйгаа тэмдэглэв. Тэрээр, хоёр орны Үндсэн хуулийн шүүхийн хамтын ажиллагааны асуудлыг хөндөхдөө, өмнө нь ОХУ-ын Санкт-Петербург хотод зохион байгуулсан хоёр талын арга хэмжээний үргэлжлэл болгон Үндсэн хуулийн эрх зүйн хөгжлийн түүх, уламжлал, тулгамдсан асуудлаар Монгол Улсад уулзалт зохион байгуулах саналтай байгааг нь ОХУ-ын Үндсэн хуулийн шүүхийн даргад уламжлахыг хүслээ.
Оросын Үндсэн хуулийн шүүхийн төлөөлөгчдийн тэргүүн хариу хэлсэн үгэндээ, “Эрх мэдлийн хуваарилалт ба Үндсэн хуулийн шүүх” сэдвийг хэлэлцэхээр олон улсын хурал зохион байгуулж, түүнд өндөр түвшний төлөөлөгчид ирсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн олон улсын нэр хүнд өндөр байгааг харуулж байна гэдгийг онцлон тэмдэглэв гэж Үндсэн хуулийн цэцийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.