Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан нийслэлийн ИТХ, ЗДТГ, “Алунгоо эх” ТББ хамтран нийслэлийн 555 ээжид “Алдарт эх”-ийн одон гардуулах ёслол хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгууллаа.
Хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж буй уг арга хэмжээнд НИТХ-ын дарга Р.Дагва, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан, Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа, Агаар, орчны асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал, Инноваци технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч М.Халиунбат, Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч О.Мөнгөншагай, нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Б.Бямбадорж, Ш.Үнэнбат, С.Мөнхчулуун, Д.Баярсайхан, Ц.Байгалмаа, Д.Бадарсан, нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Б.Батбямба, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр нарын албаны хүмүүс оролцож, алдарт эхийн одон хүртэж буй ээжүүдэд одонг нь гардуулан өгсөн юм.
“Алдарт эх”-ийн одон гардуулах ёслолын арга хэмжээг нээж НИТХ-ын дарга Р.Дагва хэлсэн үгэндээ “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг инээд хөөрөөр дүүрэн тэмдэглэж буй Хорвоогийн хосгүй сайхан хүүхэд эрдэнийг энгэртээ хэдэнтээ ургуулан тэвэрсэн эрхэм хүндэт алдарт эхчүүд та бүхэндээ болон хүүхэд багачууддаа баярын мэнд хүргэж, сайны ерөөл өргөн мэндчилье. Энэхэн дэлхий ертөнцийн хаана ч байсан хүүхэд хэмээх эрдэнэ гэр бүл, аав, ээждээ амьдралыг гийгүүлэх наран болж мэндэлдэг гэдэгт би хувьдаа эргэлздэггүй. Хүний олноор, хүн хүнийхээ дэмээр аливаа улс гүрэн хүчирхэгжин дэвждэг жамтай учраас монголчууд бид өнөр олуулаа болохыг үеийн үед мөрөөсөж ирсэн билээ. Шагнал гардан авч буй ээжүүддээ дахин чин сэтгэлийн баярын мэнд хүргэж, та бүхний гэр бүл, үр хүүхдэд хамгийн сайн, сайхан бүхнийг хүсэн ерөөе” хэмээлээ.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Өнөөдөр төрийн дээд шагнал “Алдарт эх”-ийн одонгоор энгэрээ мялаасан ээжүүдээ, хариу нэхдэггүй буянтнууддаа баяр хүргэж, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Нийслэлийн есөн дүүргийн ээжүүд маань одонгоо энгэртээ зүүж, улс орныхоо хөгжил цэцэглэлтийн төлөө хөдөлмөрлөн, энэ нийгмийн хүнд ачааг нуруундаа үүрэлцэхийн зэрэгцээ үр хүүхэд хайртай ээж, гэр бүлдээ халамжтай хань байдаг та бүхэнд нийслэлийн удирдлагын зүгээс баяртай явдаг. Ингээд та бүхэн маань үргэлж баяр хөөр, аз жаргал амжилт бүтээлээр бялхаж байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье” гэсэн юм.
Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс