Жил бүрийн тавдугаар сарын хоёр дахь долоо хоногийн Бямба гарагт бүх нийтээрээ мод тарьдаг уламжлалтай. Хот, суурины ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, цөлжилтөөс сэргийлэхийн тулд уг арга хэмжээг зохион байгуулдаг билээ.
Эл өдөр нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва, нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид болон Ажлын албаны ажилтнууд Сонгинохайрхан дүүргийн XXI хороо, Жаргалант тосгонд мод тарина. Манай орны салхины чиглэл баруун болон баруун хойд зүгээс урсгалтай. Гэвч нийслэлийн баруун хэсэгт сүүлийн жилүүдэд цөлжилт эрчимтэй явагдаж буй аж.
Тиймээс Улаанбаатар хот орчмын ногоон бүсийг нэмэгдүүлж, цөлжилтөөс хамгаалах зорилгоор нийслэлийн Байгаль орчны газраас тус тосгонд “Мөрөөдлийн ой” төгөл байгуулахаар 100 га талбайг хамгаалалтад авч, өнгөрсөн жилээс төслийн ажлыг эхлүүлжээ. Уг санаачилга, төслийг нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва дэмжсэнээр хот орчмын ногоон бүсэд анх удаагаа БХБЯ, Хурлын төлөөлөгчид, ажилтнууд болон холбогдох албаныхан мод тарих болсон юм.
Төсөл хэрэгжүүлэх талбай өмнө нь хогийн цэг байжээ. Ойжуулалт хийснээр бохирдож, доройтсон газрыг нөхөн сэргээх ач холбогдолтойггос гадна Улаанбаатар хотын салхины дээд хэсгийг ойжуулсанаар тоосжилтыг бууруулж, хүчинтөрөгчийн хангамжийг нэмэгдүүлэх боломж бүрдэж байгаа юм. Улмаар ойг даган бичил экосистем үүсэж, биологийн төрөл зүйл нэмэгдэх давуу талтай.
Мөн өнөө жил төгөлд мод тарих ажлын онцлог нь орон нутгийн иргэд, хүүхдүүдийг татан оролцуулж байгаагаас гадна БХБЯ, нийслэлийн Байгаль орчны газар хамтран Төв цэвэрлэх байгууламжийн лагийг боловсруулан гаргасан хоёр төрлийн бордоог ашиглаж буй явдал юм.
Дашрамд сонирхуулахад, мод тарих өдрийн хүрээнд нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва “Зуслангийн мэдээллийн төв”, Майхан толгой дахь “Зэрлэг амьтан хамгаалах, асрах төв”, Их Баян дахь “Сэлбэ голын эх” орон нутгийн хамгаалалттай газрын тохижилттой танилцана. Зэрлэг амьтныг хамгаалж, асрах Монголын анхны төвийг 2018 онд байгуулсан бөгөөд өдгөө тэнд 19 амьтан идээшиж буй ажээ. “Сэлбэ голын эх” нь Монголын анхны хамтарсан менежменттэй орон нутгийн хамгаалалтай газар бөгөөд тохижилтын ажлын хүрээнд аяллын зам зэргийг хийсэн байна.
Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ