УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдрийн (2010.04.22) ээлжит хуралдаанаараа Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийн биелэлтийг хэлэлцжээ.
Хэлэлцсэн асуудлын талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэл өглөө.
Засгийн газар гуравдугаар сарын 28-нд өнгөрсөн гурван жилийн мөрийн хөтөлбөрийн биелэлтийг гаргаж, УИХ-д өргөн барьсан. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэж шийдвэр гаргадаг. Шаардлагатай бол УИХ-аар хэлэлцүүлдэг хуультай.
Бүлгийн хурлаас хэлэлцсэн асуудалтай холбогдуулж хоёр шийдвэр гаргасан байна. УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Я.Содбаатараар ахлуулсан ажлын хэсэг гаргаж, нэгдүгээрт Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтэд үнэлэлт, дүгнэлт гаргах, хоёрдугаарт үлдсэн хугацаанд Засгийн газар юунд анхаарч ажиллах талаар чиглэл гаргаж ажиллах нь зүйтэй гэж үзжээ.
Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг 50.5 хувийн биелэлттэй гэж дүгнэсэн бөгөөд эцэслэн хэрэгжээгүй бол шийдэгдээгүй гэж үзжээ. Мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд нийт 21 их наяд төгрөг шаардлагатай байгаа гэлээ. Гэхдээ өр нэмэгдүүлэхгүй байх бодлого барьж ажиллаж байгаа учраас мөрийн хөтөлбөрийн тодорхой шаардлагатай, томоохон асуудлуудаа шийдэх аж.
Мөрийн хөтөлбөрийг бүгдийг нь шийдвэрлэнэ гэвэл гаднаас зээл авах, эсвэл концесс гаргах хоёр арга байгаа ч гаднаас авах зээлийг эрс багасгах зарчмын хүрээнд үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн биелэлт 70-80 хувьтай гарах болов уу гэсэн төсөөлөлтэй байгаа юм байна.