Шүд, эрүү нүүрний төвийн 1000 м.кв байрыг 4.8 тэрбум төгрөгөөр худалдаж авчээ. Гаднаа автомашины зогсоол гэх талбайгүй уг барилгын оронд  3000 м.кв талбайтай, гаднаа автомашины зогсоолтой барилгыг дээрх хэмжээний мөнгөөр барья гэдэг үндэслэлээр НИТХ-аас гурван удаа буцааж байсан аж. Эцэст нь нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж хамгийн боломжтой байрлалд шаардлага хангасан зориулалтын барилга худалдаж авах шийдвэр гаргасан байна. Гэвч нээлттэй сонгон шалгаруулалт явуулж байгаа нэрээр нэгхэн компани оруулж, энэ ажлыг зохион байгуулсан гэж Хотын дарга ярьлаа. Төлбөрийн 70 хувийг нь өгсөн, үлдэгдэл 30 хувь болох 1.2 тэрбум гаруй төгрөгийг нэхэж, шаардаж байгаа ч Хотын дарга шаардлага хангахгүй байр гэдэг шалтгаанаар өгөхгүй олон удаа буцаасан юм байна.

Энэ бүхний цаана олон хууль бус үйлдлүүд явж байгаа гэдгийг Хотын дарга С.Амарсайхан онцолж байна. Иргэдийн дунд нийслэлийн хэмжээнд зохион байгуулж байгаа бүх тендерийг шилэн болгох шийдвэрийг гаргаад буй. Ингэснээр ирэх сарын 1-нээс нийслэлийн бүх худалдан авах ажиллагаа хэн нэгэн даргын өрөөнд шийдэгддэг явдал зогсож байгаа гэж тэрээр мэдэгдлээ.

Шүд, эрүү нүүрний төв нь хувьчлагдсаны дараа өөрийн гэсэн байргүйгээр түрээсийн байраар үйл ажиллагаа явуулж байсан ба жилд 280 орчим сая төгрөгийн түрээс төлдөг байсан аж. Харин өнгөрсөн 2018 оны аравдугаар сард шинэ байранд орж, Баянзүрх дүүргийн 3-р хороо, 33-р сургуулийн зүүн урд байрлах болсон юм. Нийслэлийн төсвийн хөрөнгөөр худалдан авсан энэхүү зургаан давхар төвийн хүчин чадал 1.5-2 дахин нэмэгдсэн төдийгүй жилдээ 500 мянга гаруй хүнд үзлэг, оношилгоо, эмчилгээ хийх боломжтой болж байгаа гэж тухайн үед мэдээлж байлаа.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн