Хүн нас ахихын хэрээр эд, эсүүдийн нөхөн төлжилт удаашран, буурч, нэг ёсондоо өвс хагдарч буйтай зүйрлэж болохуйц үйл явц бие махбодод ч явагддаг. Хөгшрөлтийг илтгэх хамгийн энгийн зүйл нь үрчлээс. Арьс сулбайж, үрчлээтэж, тэр нь гүн болох нь нэг талаас насжилттай холбоотой ч нөгөөтээгүүр, өөр шалтгааны улмаас нүүрэнд “нугалаасууд” үүсдэг. Үрчлээс юунаас болж үүсдэг талаар Америкийн Виржини их сургуулийн эрдэмтэн, судлаачид шинэ таамаг дэвшүүлэн, үүнийгээ батлахаар цуврал судалгаа, шинжилгээ хийсэн талаараа мэдээлжээ.
Тэдний үзэж буйгаар, хөгшрөлтөөс илүүтэй элэг өөхлөх нь үрчлээс үүсгэх гол шалтгаан болдог. Өөрөөр хэлбэл, элгэнд ламин хэмээх уураг дутагдсаны улмаас өөх тосны эсүүдэд “бүслэгдэн, таргалдаг”. Тиймээс нүүрэнд гарсан үрчлээсийг багасгах, илүү гүн, их болгохгүй, цаашлаад зогсоохын тулд юуны өмнө элэгний эсүүдийг ламин уургаар нөхөх учиртай. Гэхдээ энэ нь асуудал бөгөөд өнөөгийн шинжлэх ухаан тийм түвшинд хүрээгүй байгааг тэд мэдээлсэн байна. Элгээ эрүүл байлгаж, өөхлүүлэхгүйн тулд зөв хооллох нь хамгийн том хамгаалалт гэдгийг ч онцолжээ.
Алим, авокадо, жүржийн төрлийн жимснүүдэд элэг дуртай гэнэ. Мөн куркума буюу цагаан гааны дээд төрөл болох ургамлыг тогтмол хэрэглэснээр цөс хөөж, элэг эрүүл байх нэг үндэс бүрддэг гэжээ. Мэдээж, чихэр, давс зэрэг амтлагчийг хэтрүүлэхгүй байх нь элэгний эрүүл мэндэд бас их чухал.