“Их тэнгэрийн ам”-ны замын хойно баригдаж буй орон сууцны хотхон. Уг барилгын ажлыг зогсоож, газар чөлөөлөх ёстой ч өчигдөр очиход иймэрхүү байдалтай угтлаа. 2019.04.02-ны 15:30 цаг Туул гол бол Улаанбаатарын иргэдийн амралт, зугаалгын бүс гэж хэлж болно. Өчигдөр нийслэл хот орчимд өдөртөө нэмэх 17 хэм хүртэл дулаан байлаа.
Өдрийн 14 цагийн үед Зайсангаас “АСЕМ Вилла” хотхон хүртэл явж Туул голын эргэн тойрныг сурвалжлав. Хэдийгээр голын мөс хайлаагүй байгаа ч өдрийн дулаан, цайны цагаа ашиглан иргэд агаарт гарч салхилж байлаа. Хүмүүс Зайсангийн танктай хөшөөний дэргэдэх сандал дээр хоёр гурваараа суун нарлаж, ойр орчмын оршин суугчид хүүхдүүдээ салхилуулж байгаатай таарлаа. Тэндээс хөдлөөд Маршалын гүүрний баруун талд очив.
“Халуун хуушуур, хорхог, шорлог” гэсэн бичигтэй бүхээгтэй цагаан машин зогсжээ. Арын хаалга нь дэлгээтэй. Хүмүүс хуушуур хайруулж, шорлогныхоо хачирыг авч байлаа. Б.Түмэнбаяр яг энд шорлог хийж зараад таван жил болж байгаа юм байна. Өмнө нь Зайсанд зургаа, долоон жил шорлог хийжээ. Зайсан хилл цогцолбор баригдаж, тэр хавийг тохижуулахад тэнд худалдаа, үйлчилгээ эрхэлж байсан иргэд тарж, Б.Түмэнбаяр энд ирж зогсчээ.
Тэрнээс хойш эндээ тасралтгүй шорлог зарж өөрийн гэсэн худалдан авагч, үйлчлүүлэгчтэй болсон байна. Шорлогныхоо зуухыг саяхан дэлгэж, модны нүүрсээ шатааж байлаа. Хоёр тусдаа зуух. Нэг зууханд нь модны нүүрс түлж, нөгөөд нь шорлогны махаа утна. Мэргэжлийн хяналтын газар болоод холбогдох хүмүүс нь байнга ирж хяналт тавьдаг юм байна. Б.Түмэнбаяр ардаа битүүмж сайтай зориулалтын хайрцагт гялгар уутанд хөлдөөсөн шортой махаа хийжээ.
Тэрээр “Бид шорлогны махаа “Гацуурт” компаниас авдаг. Эрүүл ахуйн шаардлага хангасан, бичигтэй махаар шорлогоо хийдэг. Би энд ганцаараа зогсч байгаа болохоос биш шорлогны махаа гуянаас нь шулахаас эхлүүлээд шорлоод хөлдөөх хүртэл нь дамжлага бүрт нэг нэг хүн ажилладаг. Бид эрүүл ахуйн тал дээр өндөр шаардлага тавьдаг. Махаа амталдаг бидний өөрсдийн жор бий л дээ. Би анх хоёр Узбек залуутай хамтарч Зайсанд шорлог хийдэг байсан юм.
Манай узбек шорлогт дуртай хүмүүс их бий. Тэр хоёр маань нутаг буцаж би үндсэн жороор нь ийнхүү шорлогоо амталдаг юм” гэлээ. undefined “Ард түмний талбай” Түүний байнгын үйлчлүүлэгчид нь утасдаж “Баяраа ах аа, төдөн шорлог шарж байгаарай. Төдөн минутын дараа яваад очно” гэж урьдчилаад захичихдаг юм байна.
Б.Түмэнбаярыг шорлогнуудаа шарах зуур тэнд замын хоёр талаар машинууд зогссоор байлаа. Захисан шорлогоо авах гээд машин дотроо хүлээж байгаа нь тэр юм байна. Шорлог 15-20 минутын дараа бэлэн болно. Эхний хэдэн шорлог бэлэн болж хачир дээр нь савлаад өглөө. Арын хайрцагнаасаа шортой махаа гаргаж ирээд зуух дээрээ тавина. Шорлог хийхэд хамгийн тохиромжтой нь хонины гуяны зузаан мах юм байна.
Та өнөөдөр шорлог хийх гэж байгаа бол хоёр хоногийн өмнө махаа амтлаад хөргөгчнийхөө хамгийн доод талын ногоо хийдэг хэсэгт тавибал тохиромжтой гэдгийг Б.Түмэнбаяр хэлээд “Гэртээ шорлог хийх, энд ирээд шорлог идэх хоёрын хооронд асар их ялгаа бий. Шорлог нь хүний биед хуралдсан хийг дарж, ядаргааг тайлдаг гэж хүмүүс ярьдаг нь үнэн шүү. Урин дулаан цагт манай шорлогийг идэх гэсэн хүмүүсийн хөл тасардаггүй” гэж байлаа.
Эдний шорлог 10 мянган төгрөгийн үнэтэй. Өдөр 12 цагт ирээд орой болтол энд байдаг юм байна. Арав гаруй том, жижиг машин замын хоёр талд зогсч, шорлогоо аваад явангуут суларсан зогсоолд нь өөр нэг машин ирж зогсоод шорлог захиж, тэр зуур бүхээгт машин дээр очиж дугуй хуушуур хайруулаад голын эрэг дээрх модон сандал дээр суусан шигээ өдрийн хоолоо идэцгээж байлаа.
Хуушуур нь 1000 төгрөг. Тэндээс хөдлөөд жаахан явахад замын хойд талд Туул голын хөвөөн дээр гаргасан талбай бий. “Ард түмний талбай” гэж хүмүүсийн дунд нэрлэгддэг энэ хэсэгт агаар салхинд гарсан хүмүүс их байна. Сүүдрэвчинд нь сууж хүүхдээ салхилуулж буй эцэг эхчүүд, ач зээгээ хөтөлсөн ахмадууд явж харагдана.
Хэдийгээр Туул гол мөсөн хучлагаа тайлаагүй байгаа ч дулаан өдөр учир цэвэр агаарт гарах гэсэн иргэд замын хоёр талд машинаа тавьж голын хөвөөгөөр алхацгааж байлаа. Ихэвчлэн бага насны хүүхдээ хөтөлсөн, тэвэрсэн, тэрэгтэй хүүхдээ түрсэн гэр бүлүүд харагдав. Маршалын гүүрний цаана, Их тэнгэрийн амны эсрэг талд Туул голын онцгой хамгаалалтын бүсэд “Зүүнбаян рефайнери” гэх компанийн захиалгатай орон сууцны хотхоны барилгууд баригдаж байгаа нь хууль бус гэдгийг тухайн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр бичиж, мэдээлж байсан билээ.
Уг барилгуудыг хууль бус гэж үзэж газрын зөвшөөрлийг нь 2017 онд цуцалж, барилгын ажлаа зогсоохыг БОАЖЯ-наас удаа дараа шаардсан ч үргэлжилсээр байсан юм. Өнгөрсөн жилийн өдийд энэ тухай мэдээ, нийтлэл олон нийтэд хүрч энэ ажил бараг зогсох байх гэж ард иргэд найдаж байсан ч өчигдөр дэргэдүүр нь өнгөрөхөд барилгын ажил зогсоогүйгээр тогтохгүй барилгууд нь сүндэрлэсээр байгаа нь илт.
Энэ барилгыг өнгөрөөгөөд “АСЕМ Вилла” хүртэл явахад Богд уул, Туул голын хөвөөг дагасан уртаас урт төмөр хашаанууд замын хоёр талаар үргэлжилнэ. Удахгүй барилгажих нь тодорхой. Түүнээс биш юу боллоо гэж ингэж хашаалах билээ. undefined “АСЕМ Вилла” хотхон Туул гол руу бохироо урсгаж байсан нь илэрч таван сая төгрөгөөр торгуулсан гэх харамсалтай мэдээ яваад байсан. Уг хотхоныг өнгөрөөд явахад замын баруун гар талд үерийн далан дээр хориглосон тууз татсан, хуучин төмөр хашааг нь зориуд эвдэж хэмхэлсэн, ойр орчмын газрын хөрсийг эргүүлсэн байхыг хараад энд газар шорооны ажил саяхан хийжээ гэж таамаглалаа.
Хоёрдугаар сарын 21, 22-ны өдрүүдэд “Асем Вилла” хотхоны цэвэр, бохирын шугамд гэмтэл гарч их хэмжээний ус алдаж, бохир нь Туул голтой нийлсэн юм байна. Уг хотхон одоогоор 53 айлтай бөгөөд анх дэд бүтцийн ажил хийхдээ төвийн шугамд холбогдсон байхаар зохицуулалт хийсэн ч өнгөрсөн намраас тус газарт хөрсний усны бохирдол их байна гэх шалтгаанаар УСУГ-аас бохирын шугамыг хязгаарлажээ. Төвийн шугамд холбох асуудлыг өвөл хийх байсан ч цаг уурын нөхцөл байдлаас шалтгаалан холбоогүйгээс байгаль орчин болоод нийслэлчүүдийн эрүүл мэндэд ноцтой хор хохирол учруулсан энэ үйл явдал болсон юм байна.
Иргэд өдрийн цайны цагаа тааруулан гэр бүлээрээ Туул голын хөвөөг бараадан салхинд гарангаа шорлог, хуушуур идэж цагаа аятай таатай өнгөрүүлж байхад нөгөө нэг хэсэг нь онцгой хамгаалалттай газарт хотхон барьсан шигээ, бохироо гол руу урсгасан шигээ байх нь үл зохилдох мэт. Энэ бүхнээс нэг зүйл тод анзаарагдлаа.
Иргэд агаарт гарах гэж, эрүүл мэндээ бодож голын эрэг дээр гишгэхийн тулд машинаа хомсхон зайд, замын хажууд чадан ядан багтааж, чихэлдэж байхад Туул голын хөвөөг хэдэн км-ээр нь хашаалж, ай савд нь хотхон хүртэл барьж байгаа нь хэр нийцтэй болоо. Ямар сайндаа иргэд Туул голын хөвөөнд жирийн иргэдийг хөл тавихыг зөвшөөрдөг ганц газраа “Ард түмний талбай” гэж нэрлэх вэ дээ.
Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН
ДАВХАРДАВААГИЙН ГАНСАРУУЛ
Эх сурвалж: “Өдрийн сонин”