“Youtube” суваг дээр нийтэлсэн хоёрхон уран бүтээл нь 20 сая давсан хандалттай (долоон сарын хугацаанд) монгол хамтлаг байна. Үр дүнгийн эзэд нь мэдээж The HU-гийнхан юм. Тэд рок урсгалын фенүүдийг төдийгүй энэ хэмнэлийг таашаадаггүй залуусыг ч өдрөөс өдөрт өөрсдөдөө уусгаж буй “шидтэн”-гүүд билээ.
Тэгвэл дэлхийд танигдсан ч, Монголд “танигдаагүй” The HU гэж хэн бэ.
Хамтлагийнхантай онлайнаар холбогдож цөөн асуултад хариулт авсан юм.
-The HU хамтлаг хэдэн онд үүсэн байгуулагдсан бэ?
-Манай хамтлаг 2016 онд байгуулагдсан. Продюсер маань гавьяат жүжигчин, дуучин Б.Дашдондог.
-Хамтлагийг “The HU” гэж нэрлэх болсон түүхээс?
-Хамтлагийн нэр “HU” буюу “ХҮ” юм. Яагаад ингэж нэрлэсэн бэ гэхээр хүннү үгийн судалбар дотор эр, эм хүйс харгалзахгүйгээр оюун ухаант хүний эх үг нь “ХҮ” гэсэн байдаг юм байна. Манайхан ч гэсэн эрэгтэй, эмэгтэй хүүхэд ялгаагүй аль нь ч байсан “миний хүү” гэдэг. Мөн хүн, хүүхэн, хүүхэд , хүмүүн гээд бүгд “ХҮ” язгууртай. Эндээс харж хамтлагаа The HU гэж нэрлэсэн. Нэрэн дээр хамтлагийн гишүүд маш их санал зөрөлдсөн ч эцэстээ ингэж тогтсон.
-Яг ямар бүрэлдэхүүнтэй, хэчнээн гишүүнтэй вэ?
-Дөрвөн гишүүнтэй. Гала (дуучин, морин хуурч), Энхүүш (дуучин, морин хуурч), Заяа (лимбэ болон цуур хөгжимчин), Тэмка (товшуур хөгжимчин).
-Уран бүтээлийн урсгал чиглэл, “Хүннү рок”-ын тухай?
-Зарим хүмүүс “Хүннү рок” урсгалыг хамтлаг гэж буруу ойлгоод байх шиг. Энэ бол хөгжмийн нэг урсгал юм. Мэдээж Монгол Улсыг дэлхийд гаргах, таниулах зорилготой. Хэдийгээр хамтлаг 2016 онд байгуулагдсан ч “Хүннү рок” урсгалыг гаргаж ирэх гэж долоон жил зарцуулсан. Чамгүй судалгаа ч хийсэн.
-“Юу вэ, юу вэ, юу” дуу youtube суваг дээр 2018 оны есдүгээр сард байршсанаас хойш жил ч хүрэхгүй хугацаанд 12.7 сая хандалт авчээ. Дотоодын төдийгүй гадаадын дуу хөгжим сонирхогчдыг татах болсон шалтгаан нь юу гэж харж байна вэ?
-Монгол үндэсний хөгжимд хүний анхаарал татах маш олон зүйл бий. Сонсогчдын хандалт өндөр байгаа нь үүнтэй холбоотой болов уу.
-“Юу вэ, юу вэ, юу” дууны клипийг хаана авсан бэ?
-Өнгөрсөн зун баруун аймгуудаар явж авч, 14 хоног зарцуулсан. Тухайн үед энэхүү санааг маань хүмүүс тийм ч их таашаагаагүй “Голын эрэг дээр очоод зохиолын дуучид шиг клип хийх нь үү” гэж байлаа. -Хамгийн анхны цомог?
-“Гэрэг” нэртэй цомог гаргаж, “Юу вэ, юу вэ, юу”, “Чонон сүлд” дуунууд багтсан. -Танай хамтлагийн тоглодог морин хуурын хэлбэр дүрс их содон, сонин шүү дээ. Энэ тухай дэлгэрүүлээч?
-Морин хуур хөгжим яагаад гитар шиг хэлбэр дүрстэй, хуурын толгой нь хажуу тийшээ харсан, зураг хээ хуартай байж болохгүй гэж. Жишээ нь, бидний тоглодог гал хуур маань бусад хуураас иш урттай, рок өнгө аяс оруулсан гэдгээрээ онцлог.
-Танай хамтлагийн хувцасны дизайныг хэн гаргасан бэ, хаана урлав?
-Ариунаа Сүри бүгдийг нь хариуцаж хийсэн.
-Оролцохоор төлөвлөсөн Олон улсын фестиваль бий юү?
-Франц Улсад ирэх зургаадугаар сарын 9-нөөс долоодугаар сарын 6-ны хооронд Олон улсын фестивальд оролцоно.
“QUEEN” ХАМТЛАГИЙГ АРДАА ОРХИВ
iTunes чартын рок дууны төрөлд The HU хамтлагийн “Wolf Totem” (Чонон сүлд) уран бүтээл нэгдүгээрт, “Yuve Yuve yu” (Юу вэ, юу вэ, юу) дуу нь тавдугаарт жагсаад байна. “Wolf Totem” уран бүтээлийн энэхүү үзүүлэлт алдарт “The Queen” хамтлагийн “Bohemian Rapsody” дууг ардаа орхиж тэргүүлсэн нь гайхалтай биш гэж үү.
“The Hu” хамтлаг нь үндэсний хөгжмөөр металл рок чиглэлийн уран бүтээл туурвидаг бөгөөд хамтлагийн имиж, хувцас, ая хөгжим бүгд үндэсний агуулгатай билээ. Дэлхий нийтэд монгол хэмнэлийг мэдрүүлэх чин хүсэлтэй тэднийг олон улсын хэвлэлүүд хэдийн онцлох болов. Тухайлбал, NPR, ЕТ India Times, Playboy (Mexico), Jack Canal+Fr, Hong Kong 01, DW News (Germany) агентлагууд The HU хамтлагийн талаар мэдээлэл цацаж, Монгол гэдгийг онцолж байна.
Б.ДОЛГИОН: ДАЯАРШИЛ ДУНД ДАНГААРЧИЛЖ ЧАДАЖ БАЙНА
-Өнөөдөр дэлхий ертөнц даяаршсан. Тэр дундаа рок хөгжмийн урлаг. Харин өдгөө цагийн даяаршил дунд дангаарчилж, Монголоо гэсэн сэтгэлтэй, үндэсний уламжлал,баялаг түүхээр бахархдаг гэдгээ хэрхэн харуулах ёстой вэ гэдгийг Дашкагийн төсөл буюу The HU хамтлагийнхан харуулж байна. Энэ төслийн гайхамшиг нь Монголын язгуур морин хуур, товшуур, цуур, төмөр хуурыг орчин цагтай нийцүүлж чадаж байна.
Түүнчлэн уг төсөл нь даяаршлыг хаяж орхихгүйгээр рок хөгжмийн суурь уламжлалыг ашиглаад үндэсний язгуур урлагийг гайхуулж чадсан хэв маягийг харуулжээ. Зөвхөн монголчууддаа биш гадагшаа гарах ёстой юм. Монголын урлагийг дэлхийд таниулах эрхэм зорилгод маш их нийцжээ. Зөвхөн монголд байдаг хархираа, шуранхай, хөөмийг европт төдийгүй дэлхийн үндэстнүүдэд сонирхуулахад маш том төлөөлөл нь “Хүннү рок” болж чадна.
“ЮУ ВЭ, ЮУ ВЭ ЮУ” /Дууны үг/
Их л удаан идэж уугаад, наргиж цэнгээд хачин юм бэ юу вэ, юу вэ, юу
Эцэг өвгөд монгол гээд цээжээ дэлдэн худлаа орилох нь юу вэ, юу вэ, юу
Эргэж буцаад хэлсэн үгэндээ эзэн болохгүй андгай өргөдөг нь юу вэ, юу вэ, юу
Эцэг, эхийн захиж өсгөсөн үнэт сургаал үнэгүй болдог нь юу вэ,юу вэ, юу
Ээ дүлзэн, сөгд сөгд, (сөгд сөгд) Ээ лүндэн, бууг бууг, (бууг бууг)
Дээдсийн заяаг өвлөж төрчхөөд, унтаж хэвтээд сэрдэггүй юм бэ юу вэ, юу вэ, юу
Дэлхийд ганцхан Монгол гээд л амаа хаттал худлаа ярьдаг ньюу вэ, юу вэ, юу
Дээдсээр амьдрах заяанд төрсөн монгол түмэн минь нэгдэж чаддаггүй нь юу вэ, юу вэ, юу
Дархан Монгол Улсаа мандуулж өөд нь татаж сэргээж чаддаггүй нь юу вэ, юу вэ, юу, юу вэ, юу вэ, юу
Ээ дүлзэн, сөгд сөгд, (сөгд сөгд) Ээ лүндэн, бууг бууг, (бууг бууг)
Өвөг дээдсийн өвлөж өгсөн газар шороог хайрлаж чаддаггүй нь юу вэ, юу вэ, юу
Өтгөс буурлын захиж хэлсэн үнэт сургаал худлаа болдог нь юу вэ, юу вэ, юу
Өнө л мөнхөд мандан бадрах чонон сүлдэт монгол түмэн тэнгэрийн тамгатай
Хөвчин дэлхийд нэрээ дуурсгах хүмүүн тахилгат эзэн Чингис нартад заларна, нартад заларна
Ээ хар сүлд сэр, сэр Ээ хаан төр мөнх манд, мөнх манд Юу вэ, юу вэ, юу еэ, юу вэ, юу вэ, юу вэ, юу вэ, юу вэ хачин юм бэ
Юу вэ, юу вэ, юу еэ, юу вэ, юу вэ, юу вэ, юу вэ, юу вэ хачин юм бэ
Ээ хар сүлд сэр, сэр Ээ хаан төр мөнх манд, мөнх манд
Юу вэ, юу вэ, юу вэ, юу вэ, юу вэ, юу вэ, юу вэ, юу вэ мөнх манд