Өвлийн улиралд автобусны цонх цантсанаас зорчигчид зогсоолын баримжаагүй болох, зогсоолоо андуурч буух зэрэг асуудлыг шийдвэрлэх зорилгоор зогсоолыг дуу хоолойгоор зарлан мэдээлэх автомат төхөөрөмж системийг Нийслэлийн Тээврийн Газрын санаачлага, “Улаанбаатар Смарт Карт” ХХК-ийн захиалгаар “Эхо МН” ХХК-ны Монгол инженерүүд гүйцэтгэж 2017 оны аравдугаар сарын 10-ны өдрөөс албан ёсоор эхлүүлсэн.
Системийг бүрэн нэвтрүүлж ажиллахад гадаад болон дотоод олон хүчин зүйлээс шалтгаалсан саатал доголдол үүссэн бөгөөд үүнийг шийдвэрлэх зорилгоор тасралтгүй судалгаа, хөгжүүлэлт, хөрөнгө оруулалт хийсний үр дүнд зогсоолыг ойлгомжгүй зарлах, тасалдалтай зарлах, зарлах үед шум үүсэх зэрэг асуудлуудыг үе шаттайгаар арилгаж системийг сайжруулан ажиллаж байгаа билээ.
Цаашид тус үйлчилгээг жигдрүүлэх, дахин доголдол үүсэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор зогсоол зарлан мэдээлэх төхөөрөмжийг сайжруулсан шинэ төхөөрөмжөөр бүрэн сольж шинэчлэх ажлыг “Улаанбаатар Смарт Карт” ХХК гүйцэтгэн хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ оны тавдугаар сард багтаан дуусахаар ажиллаж байна.
Ингэснээр цаашид зогсоол зарлахтай холбоотой доголдол саатал бүрэн арилж, иргэд нийтийн тээврийн хэрэгслээр ая тухтай зорчих нөхцөл бүрдэнэ гэж үзэж байна.
Эх сурвалж: “Улаанбаатар смарт карт”