Орон нутгийн замд ачааны автомашин онхолдож хүний амь эрсэдсэн ноцтой осол гарчээ. Тодруулбал, Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Элдэв багийн Өлзийт гэдэг газар уг осол гарсан байна. Улаанбаатар хотоос Замын-Үүд сумын чиглэлд Замын-Үүд сумын харьяат 48 настай Э /эрэгтэй/  жолоодож явсан “Фотон” загварын ачааны автомашинтайгаа авто замын зорчих хэсгийн хажуу руу унаж нас баржээ. Ослын тухай дуудлагыг өчигдөр (2019.04.02) 06:42 цагт хүлээн авч Айраг сум дахь Гал түймэр унтраах, аврах ангийн алба хаагчид тус сумын Цагдаагийн тасгийн алба хаагчдын хамт 08:29 цагт ослын газарт очиж, 3 цаг ажиллаж, цогцсыг гарган цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.

Мөн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд буюу 22 товчооноос баруун тийш 100 метрт Хан-Уул дүүргийн харьяат 29 настай залуу З-ын жолоодож явсан “Ландкрузер-105” загварын суудлын автомашин Сонгинохайрхан дүүргийн харьяат 31 настай залуу М-ийн жолоодож явсан “Приус-20” загварын суудлын автомашинтай мөргөлджээ. Ослын улмаас автомашины бүхээгт хүн хавчуулагдан нас барсан тухай дуудлага өчигдөр 13:08 цагт ирсний дагуу Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 13:35 цагт очиж, 20 минут ажиллаж, цогцсыг гарган цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.

Иймд жолооч нар тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаж, авто замд зорчихдоо дүрмээ баримтлан, хурдаа тохируулж явахыг анхааруулж байна.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн