Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны 3 дугаар хорооны задгайд оршин суугч 60 настай сэтгэцийн өөрчлөлттэй Ү /эрэгтэй/ энэ сарын 29-ний өдрийн 20:20 цагт гэрээсээ гараад сураггүй болжээ. Энэ тухай дуудлагыг 30-ны 19:50 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Хатгал тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 69 дүгээр ангийн 13 алба хаагч, нутгийн захиргааны байгууллагын 8 ажилтан, нийт 21 хүн “Хатгал” тосгоноос баруун хойд зүгт “Нисэхийн хаяа”, “Маа толгой”, “Бага гунж”, “Могой мод” зэрэг газруудаар нийт 10 км-ын тойрогт, мөн “Хатгал” тосгоноос баруун урд зүгт “Эгийн гол”-ын гүүр орчмоор 10 км-ын тойрогт эрэн хайх ажиллагаа зохион байгуулжээ. Харин Ү нь тус аймгийн Ханх сумын Турт багийн төвд оршин суудаг өөрийн төрсөн ах П-гийнд өчигдөр үүрээр 05:00 цагт очсон тухай ар гэрийнхэн нь мөн өдрийн 10:00 цагт мэдэгдэж, Цагдаагийн байгууллага шалгаж, тогтоогдсон тул эрэн хайх ажиллагааг 31-ний өдрийн 10:30 цагт зогсоосон байна. Турт баг нь Хатгал тосгоноос 170 км-т оршдог аж.
Мөн Сэлэнгэ аймгийн Мандал сумын Тарни багийн “Шар шургаагт” гэдэг газар тус сумын харьяат ойн сангийн харуулаар ажилладаг 57 настай А энэ сарын 28-ны өдөр ойн сангийн харуулын байрнаасаа сураггүй алга болжээ. Эрэн хайх ажиллагааг хамтран зохион байгуулах тухай хүсэлтийг Цагдаагийн байгууллагаас өчигдөр (2019.03.31) 14:37 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 19 дугаар ангийн 8 алба хаагч, Цагдаагийн хэлтсийн 10 алба хаагч, ар гэрийн 5 хүн, нийт 23 хүн өчигдрийн 15:50 цагаас эрлийг эхүүлсэн байна. Тэд Тарни багийн “Шар шургаагт” гэдэг газар 3 км-ийн тойрогт, мөн “Шар шургаагт” гэдэг газраас зүүн зүгт “Тарни” амралт гэдэг газар хүртэл 12 км-т явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 20:40 цагт түр зогсоожээ. Харин өнөөдөр 06:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн байна.