Монгол хэл бичгийн шалгалтын дүн дөрөвдүгээр сарын 1-нд гарна Б.Амирдаа | Zindaa.mn 2 минутын өмнө Их, дээд сургуульд элсэгчдээс заавал авах Монгол хэл бичгийн шалгалт өнгөрсөн Бямба гарагт орон даяар явагдлаа. Энэ жил Монгол хэл бичгийн шалгалтад 18,500 шалгуулагч бүртгүүлснээс улсын хэмжээнд 34 шалгалтын төв дээр 87 хувийн ирцтэйгээр буюу 16,436 шалгуулагч оролцлоо. Энэ удаагийн шалгалт нь дөрвөн үндсэн хэсгээс бүрдсэн. Уншаад ойлгох чадвар, найруулан бичих чадвар, монгол бичиг, зөв бичих чадварыг шалгасан байна. Хэрэв босго оноо 400-д хүрээгүй бол дахин шалгалт өгнө.
Монгол хэл бичгийн дахин шалгалт 2019 оны дөрөвдүгээр сарын 20-нд 12:00 цагаас явагдана. Монгол хэл бичгийн шалгалтын засалтыг гар аргаар явуулж байгаа юм. Тодруулбал, Шалгалтад эссэ бичлэг, монгол бичгийг кирилл рүү хөрвүүлэх гээд даалгаврууд байгаа учраас даалгаврыг Элсэлтийн ерөнхий шалгалт /ЭЕШ/ шиг автомат машинаар засах боломжгүй байгаа юм. Шалгалтын дүн ирэх долоо хоногийн Даваа гарагт гарах ба одоогоор шалгуулагчдын материалыг засах үйл ажиллагаа явж байна.
Шалгалтын дүн албан ёсоор 2019 оны дөрөвдүгээр сарын 1-ний 09:00 цагт Боловсролын үнэлгээний төвийн http://www.eec.mn/ сайтад тавигдах аж. Их, дээд сургуульд элсэх гэж байгаа иргэд заавал өгөх ёстой Монгол хэл бичгийн шалгалтыг өгч байж, элсэлтийн ерөнхий шалгалтад /ЭЕШ/ орох эрхтэй болох юм.
“Элсэлтийн ерөнхий шалгалт” онлайн бүртгэл www.eec.mn цахим хуудсаар орон даяар явагдаж, Улаанбаатар хотын цагаар 2019 оны 02-р сарын 14-ний өглөө 09:00 цагт эхэлж, 2019 оны 04-р сарын 15-ны 18:00 цагт дуусна.