“Давсыг хоолны цэснээс хасъя” уриатай долоо хоногийн аяныг эхлүүлжээ. Аян гуравдугаар сарын 25-наас дөрөвдүгээр сарын 1-ний хооронд үргэлжлэх юм. Энэ талаар өнөөдөр /2019.03.26/ Эрүүл мэндийн яам, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Нийслэлийн эрүүл мэндийн үндэсний төвийн төлөөллүүд мэдээлэл хийлээ.
Дэлхий нийт жил бүрийн гуравдугаар сарын нэг долоо хоногийг давсны мэдээлэл сурталчилгааны өдөр болгон тэмдэглэдэг. Монгол Улс энэ жил дээрх өдрийг “Давсыг хоолны цэснээс хасъя” уриан дор тэмдэглэн өнгөрүүлнэ. Хүн амын дунд давсны хэрэглээ өндөр байгаа нь халдварт бус өвчнөөр өвчилж, нас барах үндсэн шалтгаан болж буй аж.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөснөөр насанд хүрсэн хүний өдөрт хэрэглэх давсны хэмжээ 5 грамм байдаг бол Монгол Улсын иргэдийн өдөрт хэрэглэж байгаа давсны хэмжээ 11 грамм байсан нь зохист хэрэглээнээс 2 дахин их үзүүлэлт юм байна. Давсны хэт их хэрэглээ нь цус харвалт, тархины харвалт, зүрхний өвчин, ходоодны хавдар, яс сийрэгжилт, чихрийн шижин, бөөрний өвчнүүдийг үүсгэх эрсдэлтэй байдаг аж.
Мэргэжилтнүүд хүн амыг давсны хэрэглээгээ бууруулахын тулд хоолныхоо давсыг аажмаар багасгах, цайгаа давсгүй ууж эхэлбэл мэдэгдэхүйц өөрчлөлт гарна гэж үзэж байна. Мөн хоолоо цагаан гаа, яншуй, сонгино, сармис, чинжүү гэхчлэн аагтай ногоонуудаар амталж давсыг орлуулж байхыг зөвлөлөө.