Дээрмийн гэмт хэрэг удаа дараа үйлдэж, хоёр удаа шүүхээр шийтгэгдэж байсан 30 гаруй настай төрсөн ах, дүү хоёр 82 настай иргэнийг дээрэмдэж амь насыг нь хөнөөжээ.
Тодруулбал, өнгөрсөн 2018 оны гуравдугаар сард 82 настай иргэн Д-г Булган аймгийн харьяат ах, дүү хоёр буюу Г, О нар биеэ хамгаалах чадваргүйг нь мэдсээр байж, онц хэрцгийгээр зодож, 800 гаруй мянган төгрөгийг дээрэмдэн, амь насыг хөнөөсөн байна.
Уг хэргийн шүүх хурал Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнгөрсөн сарын 29-нд болж, Эрүүгийн хуулийн дагуу шүүгдэгч Г-д нийт 20 жилийн хорих ял, О-д 17 жилийн хорих ял оноож, ялыг хаалттай хорих ангид эдлүүлэхээр болжээ.
Г, О нь тодорхой эрхэлсэн ажилгүй, бага боловсролтой, өмнө нь дээрмийн болон хүчингийн гэмт хэргээр хоёр ч удаа шийтгэгдэж, 2017 онд суллагдсан аж. Иймд өндөр настай хүмүүс их хэмжээний бэлэн мөнгө биедээ авч явахгүй байх, аль болох анхаарал болгоомжтой байж, хүнтэй хамт явж байхыг хуулийн байгууллагаас анхаарууллаа.