“Эрдэнэтийн дулааны цахилгаан станцыг шинэчлэх, цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх” СС-50 35МВт-ын турбингенератороор өргөтгөх ажлын шав тавих ёслол өчигдөр /2019.03.22/ боллоо. Нээлтийн арга хэмжээнд УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, Орхон аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва болон “Эрдэнэтийн дулааны цахилгаан станц” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Л.Эрхбаатар нарын албаны хүмүүс оролцсон.
Мөн БНХАУ-ын Элчин сайдын яамны эдийн засаг, худалдааны зөвлөх Сун Шүэ Жүнь, “Хуан Индастрал Экуйпмент Инсталэйшн” компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Жоу Хуй нарын төлөөлөгчид хүрэлцэн ирлээ. Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн “Өнөөдөр эхлүүлж байгаа бүтээн байгуулалт Монгол Улсын төдийгүй Эрдэнэтийн хөгжилд хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.
Энэ бол маш том станц байх болно. Төслөө хурдан ашиглалтад оруулах хэрэгтэй. БНХАУ-ын 1,2 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлээр олгож байгаа энэ төслийг Хунан компани хурдтай хийнэ гэдэгт итгэлтэй байна. Эрдэнэт хот хурдацтай хөгжиж байгаагийн нэгэн илрэл болж байна” гэсэн юм. “ЭДЦС” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Л.Эрхбаатар “Манай компани өнөөдрийг хүртэл 32 жилийн хугацаанд гадаад, дотоодын томоохон төслийг авч байгаагүй.
Дулааны цахилгаан станцыгшинэчлэх, цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх үйлдвэрийн хүчин чадлыг өргөтгөх шав тавих ёслолыг хийлээ. Үйлдвэрийн хүчин чадал хоёр дахин нэмэгдэж, цахилгаан эрчим хүчний өөрийн өртөг 65,04 төгрөгөөр буурч, 120 мянган хүн амтай хотын дулааны хэрэгцээг хангах нөхцөл бүрэн нээгдэх болж байна.
Энэ бол Эрдэнэтчүүдийн хувьд том бүтээн байгуулалт байх болно” гэлээ. БНХАУ-ын Элчин сайдын яамны эдийн засаг, худалдааны зөвлөх Сун Шүэ Жүнь “Энд хүрэлцэн ирсэн хүндэт зочид та бүхэнд баярын мэнд хүргэе. Миний бие дахин хүрэлцэн ирсэндээ баяртай байна. Монгол, Хятадын хооронд түүхт үйл явдлын гэрч боллоо. Хоёр орны хамтын ажиллагаа хүрээгээ тэлж, стратегийн ач холбогдол үр дүнгээ өгсөөр байна.
Энэхүү төслийн арга хэмжээ Монгол, Хятадын нөхөрсөг харьцаанд чухал үүрэгтэй байх болно гэдэгт эргэлзэхгүй байна. Өмнө нь дулааны 3-р цахилгаан станц дээр ажиллаж байсан. Тиймээс энэ удаагийн төсөл дээр ажиллахаар болж байна. Та бүхэнд баярлалаа” гэсэн юм. “Эрдэнэтийн дулааны цахилгаан станц” ТӨХК нь одоо байгаа долоон зуухыг ашиглан зуух нэмж барихгүйгээр СС-50 35МВт-ын турбингенераторыг суурилуулах юм.
Энэхүү турбогенератор нь конденсационный горимдоо 210 тн уураар /3 зуух/ 50МВт хүртэл ачаалал авахаар Техник, эдийн загийн үзүүлэлт/ТЭЗҮ/-д тусгагдсан. Өөрөөр хэлбэл 4,2 тн уураар 1МВт үйлдвэрлэнэ. Дээрх шинэчлэлийг хийснээр станцын суурилагдсан хүчин чадлыг хоёр дахин нэмэгдүүлж, цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлийг гурав дахин өсгөх, цахилгааны өөрийн өртгийг 65,04 төгрөгөөр бууруулах боломжтой. Хими ус цэвэрлэгээний хоцрогдсон тоног төхөөрөмж орчин үеийн евро-стандартын тоног төхөөрөмжүүдээр шинэчлэгдэнэ.
Ингэснээр Эрдэнэтийн дулааны цахилгаан станц нь 71МВт-ын суурилагдсан хүчин чадалтай, 67МВт хүртэл ачаалал авдаг, 3-4 МВт-ын нөөц чадалтай дулааны цахилгаан станц болох юм.
Эх сурвалж: ЭХЯ