Монголын орчин үеийн эстрадын урлагийн тулгын чулуу тавьсан ууган чуулга болох Улсын Филармонийн “Баян Монгол” биг бэнд нь одоогоос 50 жилийн тэртээ үүсэн байгуулагдсан юм. Тэр цагаас хойш энэ хамт олноос монголын рок поп урлагийн олон арван нэрт дуучид, хөгжимчид, хөгжмийн зохиолчид, удирдаачид төрөн гарч олон зуун уран бүтээл нь ард түмний дунд алдаршиж эдүгээч Монголын эстрад урлагийн алтан фондод жинтэй байр суурийг эзэлсээр байгаа билээ.
Тэгвэл тус чуулгынхан үүсэн байгуулагдсаны 50 жилийн ойн хүрээнд зохион байгуулж буй цуврал арга хэмжээнүүдийн нэг нь “Nostalgia” тоглолт юм. Та бидний сэтгэл зүрхэнд хоногшсон 60, 70, 80 оны ХИТ ДУУНУУД-аас толилуулах уг тоглолт 2019 оны гуравдугаар сарын 22-нд 19:00 цагт Улсын Филармонийн концертын танхимд ганцхан удаа тоглох гэж байна.
Тоглолтын хөтөлбөрт хагас зуун жилийн хугацаанд бүтээн туурвисан урын сан дахь бүтээлүүдээсээ шигшиж шилмэл бүтээлүүдээсээ үзэгч, сонсогчдодоо хүргэх аж. Тоглолтод удирдаач МУУГЗ Б.Ганбатын удирдлагаар Баян Монгол биг бэнд тоглож, мөн тус чуулгад гоцлол дуучнаар ажиллаж байсан Монголын эстрад урлагийн нэрт дуучин МУГЖ Х.Төмөрбаатар,
МУГЖ Ж.Уранчимэг, СТА Ч.Алтанцэцэг, СТА Н.Оюунчимэг болон Улсын Филармонийн гоцлол дуучин С.Баттулга /СТА/, Н.Наранбаатар /СТА/, Б.Дэлгэрбаяр /СТА/, Л.Насанбуян /СТА/, Т.Отгонбаяр, дуучин Б.Солонго нар оролцоно. Тоглолтын тасалбарыг Филармонийн касс, https://www.ticket.mn/event/date/1841/ сайт болон 1900-1800 үнэгүй хүргэн өгч байна.
Эх сурвалж: Улсын Филармони