Украины Ерөнхийлөгчийн сонгууль энэ сарын 31-нд болох гэж байна. Сонгуульд нийт 39 хүн нэрээ дэвшүүлснээс ижил овогтой хоёр нэр дэвшигчийн асуудал багагүй дуулиан тарьж байгаа юм.
Юлия Тимошенко
Украины Ерөнхий сайд асан, “Батькивщина” намын тэргүүн Юлия Тимошенког дэлхий нийт андахгүй. Тэгвэл эр, эмээрээ л ялгаатай болохоос түүнтэй ижилдүү нэртэй, ижилхэн овогтой нэгэн нэр дэвшигчийг одоогийн Ерөнхийлөгч Петр Порошенко оруулж ирсэн гэх яриа газар авчээ. Энэ бол бие даан нэр дэвшигч Юрий Тимошенко.
Юлия Тимошекогийн үзсэнээр Юрий Тимошенког нэр дэвшүүлсэн нь одоогийн төр засгийн хийж буй улс төрийн “бохир технологи” гэнэ. Өөрөөр хэлбэл санал хуваах зорилготойгоор ийм ижил нэртэн оруулж ирсэн гэж үзжээ.
Саналаа өгөхөөр ирсэн иргэд сандарч, эсвэл гэртээ нүдний шилээ орхисноосоо болж Юлия Тимошенкогийн нэрийг тэмдэглэх гэж байгаад Юрий Тимошенког андуурч зурах магадлал маш өндөр.
Украин дахь нэгэн улс төрийн хүчнээс хүртэл энэ талаар “Юрий Тимошенко нь Украины Ерөнхийлөгчийн засаг захиргаатай холбоотой техникийн нэр дэвшигч. Тэр Юлия Тимошенкотой ойролцоо нэртэй болохоор л өрсөлдөж байгаа нь ойлгомжтой. Энэ бол сонгогчдын саналыг хуваахын тулд “ихэр”-ийг нь ол гэсэн хуучны зальжин арга мэх. Зарим хүмүүс алдаж, санал өгдөг шүү дээ” хэмээн мэдэгдсэн удаатай.
Үнэхээр л Юлия Владимировна Тимошенко, Юрий Владимирович Тимошенко гэдэг нь овгоороо төдийгүй товчилсон нэрээрээ ч ижил юм. Юлия Тимошенко үүнийг луйврын, бохир аргаар сонгуулийн саналынх нь хувийг багасгах гэсэн арга гэж үзэж байгаа бол Юрий Владимирович Тимошенкогийн хувьд одоогийн Ерөнхийлөгчийн засаг захиргаатай ямар нэгэн холбоогүй гэж мэдэгдэж байна.
Ерөнхийдөө нэр дэвшигч Юлия Тимошенкогийн хувьд сонгуулийн өчүүхэн ч атугай хувь үнэ цэнтэй байгаа юм. Учир нь “Рейтинг” социологийн группээс өнгөрсөн хоёрдугаар сард явуулсан санал асуулгаар Ерөнхийлөгчид нэр дэвшигч Украины Ерөнхийлөгч Петр Порошенко болон “Батькивщина” намын тэргүүн Юлия Тимошенко нарын нэр хүнд ердөө 0,4 хувийн зөрүүтэйгээр хоёр, гуравдугаарт бичигдэж байна. Иргэдийн 16,6 хувь нь одоогийн төрийн тэргүүнд санал өгөхөд бэлэн гэсэн бол Тимошенкод 16,2 хувь нь санал өгнө гэжээ. Харин санал асуулгаар хошин шогийн жүжигчин Владимир Зеленский 25,1 хувиар тэргүүлж байна. Тэгвэл Юрий Тимошенкогийн төлөө украинчуудын 0,4 хувь нь л санал өгөх магадлалтай байгаа юм.