Цагдаагийн ерөнхий газар жолоочийн үнэмлэхний бэлдэц нийлүүлэх тендэр авсан компанитай гэрээгээ хийжээ. Тиймээс нийлүүлэлт нь 2019 оны дөрөвдүгээр сарын 15-наас эхлэх юм байна.
Үнэмлэхээ оны өмнө болон дараа захиалсан иргэд нийлүүлэлт эхлэхээр Монгол шуудан компанийн захиалгын утсанд хандаж авч болох аж. Мөн Дүнжингарав төв, Драгон төв, Бүртгэл хяналтын төвийн үйлчилгээний танхимаас үнэмлэхээ авч болох юм байна.
Нийлүүлэлт эхлэхээр захиалсан үнэмлэхүүдийг 20-30 хоногийн дотор хэвлэж дуусгана гэж төлөвлөжээ. Одоо шинээр жолооч болсон, ангилал ахиулсан, тээврийн хэрэгсэл жолоодох эрх нь сэргэсэн, үнэмлэхээ солиулахаар өгсөн 47000 иргэдийн материал байгаа юм байна.
Нийт жолооч нарт анхааруулахад, хуурамч цахим хаягаар жолооны эрх сэргээх, ангилал ахиулах зэрэг зараар залилан хийдэг этгээдүүдийг Цагдаагийн байгууллага илрүүлэн шалгаж байна. Иймд энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлж, жолооны үнэмлэхтэй холбоотой асуудлаар Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвд хандахыг сануулж байна.