ОХУ-ын армид алба хааж буй албан хаагч хувьдаа ухаалаг гар утас, таблет, мэдээлэл түгээх, хадгалах зориулалттай төхөөрөмж хадгалахыг ХАТУУ хориглосон хууль баталсан талаар “www.theguardian.com” сайт мэдээллээ.
ОХУ-ын Төрийн Дум өчигдөр дээрх хуулийг эцсийн байдлаар хэлэлцэж, амжилттай баталсан гэнэ. Уг хуулийг 408 гишүүн 100 хувийн саналаар баталсан байна. Алба хаагчид ухаалаг утас бус зөвхөн мессеж бичих, дуудлага хийх боломжтой утас хэрэглэх аж. Мөн ухаалаг төхөөрөмжөөс татгалзахаас гадна цэргийн алба хаагчид нийгмийн сүлжээнд анги нэгтгэл, зэвсэг, алба хаагчдын зураг болон гэр бүл, хувийн чанартай зураг нийтлэхийг хоригложээ.
Сүүлийн хэдэн жил Оросын армийнхан улсын нууцын зэрэглэлтэй зураг болон хувийн мэдээллээ нэг нэгэнгүй өгүүлсэн гэрэл зураг, бичлэг олноор байршуулж, дайснуудад өөрсдөө бэлэн хоол бэлдэж өгч буйг Ерөнхийлөгч В.Путин эрс буруутгаж байсан юм. 2015 онд Сирид энхтайван тогтоохоор илгээгдсэн Орос цэргүүдийг мөн ухаалаг төхөөрөмж хэрэглэхийг хориглосон билээ.
Эх сурвалж: Theguardian.com