Өмнөговь аймагт гурван насны тэмээний уралдааныг хаалттай зохион байгуулна. Тус аймаг 2019 оныг “Хөдөө аж ахуй үйлдвэржилтийн жил” болгон зарласан бөгөөд уг үйл ажиллагааныхаа нээлтийг энэ сарын 27, 28, ирэх сарын нэгний өдрүүдэд зохион байгуулахаар төлөвлөөд байгаа юм. Энэ үеэр болох тэмээнийхээ уралдааныг хаалттай зохион байгуулахаар шийдвэрлэсэн байна. Учир нь малын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлж байгаа гэж зохион байгуулагчид хэлж байна.
Тиймээс тэмээний уралдаанд зөвхөн Өмнөговь аймгийн тэмээ уяачид оролцох боломжтой боллоо. Мөн энэ үеэр тэмээтэй сайхан хос, шилмэл ингэ, шилмэл буур, малчдын зөвлөлгөөн, бизнес экспог зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангажээ. 2019 он Өмнөговь аймгийн хэмжээнд малчид иргэд рүү хандсан хөрөнгө оруулалтыг эрчимжүүлсэн, үйлдвэрлэл эрхлэгчдээ дэмжсэн жил болох нь.
Мах боловсруулах үйлдвэр, хүнсний ногооны механикжсан зоорь, сумдад цехүүдийг байгуулах юм байна. Дашрамд дуулгахад “Хөдөө аж ахуйн үйлдвэржилтийн жил” болгон зарласантай холбоотойгоор энэ салбарт 8,9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлыг хийхээр төлөвлөжээ. 2018 он Өмнөговьчуудын хувьд бүтээн байгуулалтын жил байсан бөгөөд 103 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн юм.