Тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, өвлийн улиралд Улаанбаатар хотод ирэх жуулчдын тоог нэмэгдүүлэх зорилгоор зохион байгуулж буй “Улаанбаатарын өвлийн наадам” арга хэмжээ маргааш эхэлж, хоёр өдөр үргэлжилнэ. Энэ хүрээнд хотын аяллын автобус энэ Бямба, Ням гарагуудад буюу энэ сарын 16, 17-нд жанжин Д.Сүхбаатарын талбайгаас “Скай резорт” цогцолбор чиглэлд 11:00, 13:00, 15:00, 17:00 цагуудад, “Скай резорт” цогцолбороос жанжин Д.Сүхбаатарын талбай луу 12:00, 14:00, 16:00, 19:30 цагуудад иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ.
Энэ жилийн “Улаанбаатарын өвлийн наадам”-ын хүрээнд Монголын үндэсний тоглоом наадгайнууд болох мөсөн шагай, мөсөн сур, урлагийн тоглолт болон шүхрийн үзүүлэх тоглолт, дөрвөн дугуйт мотоцикл, нохой чарга, мөсөн хананд авиралт, цана, снөубоард, рагбигийн тэмцээн, хамгийн сайхан үндэсний хувцастай шилдэг оролцогчийн шалгаруулалт зохион байгуулахаар төлөвлөжээ.