Транспаренси Интернейшнл байгууллагын Авлигын төсөөллийн индексэд сүүлийн гурван жил дараалан 7 улс хамгийн өндөр оноо авлаа. 2018 оны байдлаар Скандинавын орнууд болох Дани, Финланд, Швед, Норвеги болон Шинэ Зеланд, Сингапур, Швейцар улсууд эхний долоод жагсаж байна. Эдгээр улсууд 100 онооноос 84-88 оноо авчээ.
Авлигын төсөөллийн индексэд 100 оноо авсан улс байхгүй ч дээрх улсуудад ардчилсан нийгмийн үндсэн зарчмууд хэрэгждэг нь өндөр оноо авахад нь чухал нөлөө үзүүлдэг. Энэ нь хүчтэй байгууллагууд, хуульт ёс, эдийн засгийн өндөр хөгжил зэрэг юм.
Авлигын төсөөллийн индекс нь төрийн албан дахь авлигын түвшнийг тогтоохдоо тухайн улсын төрийн байгууллагууд дахь хээл хахууль, төрийн мөнгөний хууль бус зарцуулалт, ашиг сонирхлын зөрчил, авлигын бусад хэлбэрүүд зэрэг нь харьцангуй багад тооцогдож буй улсуудад илүү оноо өгдөг. Гэвч энэ нь тухайн улсуудад авлига огт байхгүй гэсэн үг биш юм.
Авлигын төсөөллийн индекс юуг хэмждэггүй вэ? – Мөнгө угаах
Энэ жилийн индексийг тэргүүлсэн Дани улс дөнгөж саяхан л гэхэд олон авлигын хэргүүдийнхээ хажуугаар хамгийн том зээлдэгч болох Данске банктай холбоотой мөнгө угаах гэмт хэргийн асуудлаар дэлхийн нийтийн анхаарлыг татаж байна. Зохион байгуулалттай гэмт хэрэг, авлигыг мэдээлэх төсөл (OCCRP) – ийн олж илрүүлснээр Орос болон Азербайжан улсуудтай холбоотой хууль бус 230 тэрбум доллар Данске банкны Эстони дахь салбараар дамжсан байна. Өнгөрсөн 11 дүгээр сард тус банк Дани улсын Мөнгө угаах гэмт хэргийн эсрэг хуулиудыг зөрчсөн хэрэгт эрүүгийн хариуцлагад татагдсан билээ.
Швейцарын банкууд, бусад санхүүгийн байгууллага, зуучлагч нар том хэмжээний мөнгө угаах болон авлигын гэмт хэргийн схемүүдэд үргэлж оролцож байдаг. Үүнд сүүлийн үеийн хэргүүд болох Малайзын 1MBD, Бразилын Одебрект ба Петробас, Мозамбикийн “тунаны бонд” зэргийг нэрлэж болох юм. Улс орнуудын мөнгө угаах гэмт хэргийн эсрэг тогтолцооны үр дүнтэй байдлыг 11 шалгуураар үнэлдэг олон улсын Санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх алба (FATF) Авлигын төлсөөллийн индексэд хамгийн өндөр оноо авсан дээр дурдсан долоон улсаас цор ганц буюу Швед Улсад л тус 11 шалгуурын нэгд нь л өндөр үр дүнтэй гэсэн оноо өгсөн байна.
Авлигын эскпорт ба гадаадын хээл хахууль
Харьцангуй баян учраас эдгээр долоон улс нь их хэмжээний бараа, үйлчилгээ экспортолдог олон улсын компаниудтай. Манай 2018 оны “Авлигын экспортын тайлан”-гаас үзэхэд эдгээр улсуудын ихэнх нь гадаад улсуудад авлига өгсөн компаниудаа шалгаж, шийтгэж чаддаггүй гэсэн дүгнэлт гарсан байна. Долоон улсаас зөвхөн Норвеги, Швейцар хоёр л гадаадын хээл хахуулийн эсрэг хуулиа хэрэгжүүлж чаддаг улсаар нэрлэгджээ. Финланд, Дани, Сингапур улсууд энэ шалгуурт хамгийн бага оноо авсан бол Швед, Шинэ Зеланд улсууд тодорхой хэмжээнд хуулиа хэрэгжүүлдэг хэмээн дүгнэгджээ.
Энэ нь яагаад асуудал вэ гэдгийг харуулах жишээ олон.
Финланд, Сингапур, Швед, Швейцари Улсуудын хэргүүд
Зохион байгуулалттай гэмт хэрэг, авлигыг мэдээлэх төсөл (OCCRP) Малдивын улс төрчдөд авлига өгч арлуудад нь үнэтэй зочид буудал барих зөвшөөрлийг хямдаар авсан компаниудыг шалгасан тайланд Сингапурын тэрбумтэн бизнес эрхлэгчийн нэр гарсан.
2017 онд Шведийн Телиа компани Узбекистаны ерөнхийлөгчийн охинд 300 сая ам долларын хахууль өгч, харилцаа холбооны ашигтай гэрээ байгуулсныхаа торгуульд нэг тэрбум доллар төлөхийг зөвшөөрсөн.
Финляндын хагас төрийн өмчит батлан хамгаалахын компани Патриа нь Словени, Гүрж улсуудтай холбоотой авлигын том хэрэгт холбогдсон.
Швейцарын Женевт төвтэй газрын тос, хийн түлшний Аддакс Петролеум компани Нигер улсад төлсөн авлигатайгаа ижил хэмжээний мөнгийн торгуульд төлөхийг зөвшөөрсөн. Мөн “Тунаны бонд”-ны хэрэгт Кредит Свисс компанид ажиллаж байсан хүн Мозамбик Улстай холбоотой олон сая долларын хээл хахуулийн схемийн хэрэгт ял сонсохоор байна.
Гадаадын авлига олон улсын худалдааны шударга өрсөлдөөнд саад болдог. Энэ нь мөн “цэвэрхэн” гэгдэх улсын компаниуд өөр улсад худалдааны ашигтай байдал олохын тулд хийсэн зүйл хэмээн зөвтгөх хандлагыг бий болгодог. Гэвч эцэстээ хамгийн аюултай нь хөгжил буурай улсууд илүү их авлигад өртсөн гэдэг ойлголтыг төрүүлдэг нь харамсалтай.
Санхүүгийн нууцлалын асуудал
Нууцлалын асуудлыг орхигдуулж болохгүй. 2018 онд Швейцар Улс нь Татварын шударга байдлын сүлжээний “Санхүүгийн нууцлалын индекс”-ийг тэргүүлсэн байна. Сингапур 5 дугаар байранд жагсжээ.
Гэвч энэхүү нууцлал хадгалдаг гэх улсууд нь компанийн “бүрхэг” бүтцийг бий болгож, Парадайзын баримтуудын дэлгэсэн шиг хүмүүс татвараас зугтан, өөрийн бохир мөнгийг дураар хөдөлгөх, угаах боломж олгодог.
Жил тутам хөгжиж буй улсуудаас 1 триллион доллар хүртэлх хууль бус мөнгөний урсгал гардаг гэсэн тооцоо байна.
Бид асуудлыг шийдвэрлэхэд хэрхэн тусалдаг вэ?
Транспаренси Интернешнлийн авлигыг зогсоох стратегиудын нэг нь авлигач, авлигыг дэмжигч нарт ажлаа явуулахад нь саад болох юм. Иймд бид Авлигын төсөөллийн индексэд дээгүүр жагссан улсуудаас ч хуулийн дутагдалтай талаа сайжруулж, санхүүгийн орчноо нээлттэй болгохыг шаардсаар ирсэн. Тэд зөвхөн цэвэр төрийн салбартай гэдгээрээ үлгэрлэх бус бүх талаараа шилдэг байх ёстой. Өнөөгийн асар их хоорондоо холбоо хамааралтай дэлхий дээр дан ганц манай төсөөллийн индексэд өндөр оноо авах нь авлигатай үр дүнтэй тэмцэж байна гэсэн үг биш. Нэг л оноогоор асар том хэмжээний, цогц асуудал болох авлигын асуудлыг тодорхойлох боломжгүй. Манай төсөөллийн индекс том зурагны зөвхөн нэг хэсгийг нь л харуулж байгаа юм. Харин хувийн хэвшлийн авлига, мөнгө угаах гэмт хэрэг бол огт өөр хэсэг билээ.
Эх сурвалж: iaac.mn