Энэ удаагийн “Хобби” буланд Хилийн 0218 дугаар ангийн захирагч, Буянт-Ухаа дахь хилийн шалган нэвтрүүлэх боомтын дарга, хурандаа Д.Мөнхчулууны хоббиг сонирхсон юм. Тэрээр паспорт шалгах мэргэжлээр сургууль төгссөн болохоор паспорт үүссэн түүх, бүтцийг нь судалж эхэлсэн нь хобби болж хувирсан байна. Түүний цуглуулгад зөвхөн Монгол Улсад хэрэглэж байсан бичиг баримт байдаг аж.
Тухайлбал, гадаад харилцааны салбарт ажиллаж байсан олон ахмадтай танил байсан нь цуглуулгаа өргөжүүлэхэд нь нэмэр болжээ. “Паспорт нь Монгол Улсын төрийн нэрийн өмнөөс олгож байгаа бичиг баримт бөгөөд Тусгаар тогтносон Монгол Улсын бүрэн эрхэт орны иргэн гэдгийг гадаадад нотлох юм. Тиймээс энэ бичиг баримтыг хайрлаж, хүндэтгэх ёстой хэмээн бодож явдаг. Энэ бичиг баримтыг судлах нь их сонирхолтой байдаг. Нэг жишээ хэлэхэд гадаад харилцааны салбарт олон жил ажилласан, нэрт дипломатч Гомбосүрэн гуайд монголчууд баярлаж явах учиртай. Учир нь Хятадад зорчих паспортыг визгүй болгосон” хэмээн Д.Мөнхчулуун хурандаа хуучилсан.
Түүний цуглуулгуудыг юугаар ч үнэлж баршгүй ажээ. Хамгийн үнэтэй нь хуучин монгол бичиг болон францаар бичсэн гадаад дипломат паспорт гэсэн. Мөн 1920, 1930, 1940-өөд он болон дайны үед хэрэглэж байсан олон паспорт бий. Цуглуулгаа харах болгондоо эх орноо хайрлах, монгол хүн гэдгээрээ бахархах сэтгэл өөрийн эрхгүй төрдөг гэж байсан юм.
Эх сурвалж: