Нийслэлийн Тээврийн газраас нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн өвлийн амралттай холбогдуулан “Хүүхдийн автобус”-ны нэгдсэн техникийн үзлэг, оношлогоог энэ сарын 21-25-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Тус газраас хүүхдийн автобусны техникийн бүрэн бүтэн байдал, “Хүүхэд тээвэрлэх автобус бa үйлчилгээнд тавих шаардлага” MNS 6440 стандартын хэрэгжилтийг жилд хоёр удаа шалгаж, эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр мэргэжил арга зүйн зөвөлгөө өгч ажилладаг.
Өнгөрсөн оны намар нийт 73 хүүхдийн автобус зөвшөөрөл авсан. Энэ сарын 21-ний өдрийн байдлаар оношлогоонд нийт найман тээврийн хэрэгсэл хамрагдаж, дөрвөн тээврийн хэрэгсэл нь утаа, өнгө үзэмж, хаягжилт бүрэн бус шалтгаанаар тэнцээгүй байна. Нийслэлийн Тээврийн газраас ерөнхий боловсролын сургуулиудыг хүүхдийн автобусны техникийн үзлэг, оношлогоондоо идэвхитэй хамрагдахыг сануулж байна гэж нийслэлийн Тээврийн газраас мэдээлэв.