НМХЕГ-ын даргын баталсан 0104 тоот удирдамжийн хүрээнд Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын газар сар шинийн баярыг угтсан урьдчилан сэргийлэх хяналт, шалгалтыг гүйцэтгэж байгаа аж. Энэхүү шалгалт 2018 оны нэгдүгээр сарын 9-нөөс хоёрдугаар сарын 8-ны өдөр хүртэл явагдах юм байна. Тэгвэл тус шалгалтын эхний арван хоног буюу энэ сарын 19-ний өдөр хүртэл явагдсан хяналт, шалгалтын явцад илэрсэн зөрчлийг НМХГ-аас өнөөдөр танилцууллаа.
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга Б.Батшагай “Одоогийн байдлаар хяналт, шалгалтад нийт 158 аж ахуйн нэгж байгууллага, иргэн хамрагдаад байна. Үүнд нийт 1,108 худалдаа, үйлчилгээний төв, хүнсний үйлдвэр, хоолны үйлчилгээ үзүүлж буй байгууллага багтаж байна. Шалгалтын явцад нийт 518 зөрчил илрүүлснээс 291 буюу нийт зөрчлийн 56.2 хувийг газар дээр нь арилгуулан улсын байцагчийн 48 заалт бүхий хугацаатай, найман албан шаардлагыг хүргүүлээд байна. Мөн 71 аж ахуйн нэгж, иргэнд зөрчлийн хэргийн бүртгэл явуулж, 61 хэргийг хялбаршуулсан журмаар, 10 хэрэгт нь зөрчлийг хэрэг нээн Прокурорын газарт шилжүүлэн шийдвэрлээд байна.
Дээрх хугацаанд зөрчил гаргасан аж ахуйн нэгж, байгууллагад нийт 42.8 сая төгрөгийн торгууль ногдуулан барагдууллаа. Шалгалтын хугацаанд лабораторийн шинжилгээнд 19 аж ахуйн нэгж байгууллагаас, 44 нэр төрлийн бүтээгдэхүүний 124 дээж авч лабораторийн шинжилгээнд хамруулсан ба эдгээр дээжийн хариу хараахан гараагүй байна” гэлээ. Мөн томоохон хэмжээний зөрчил гаргасан аж ахуйн нэгж, байгууллагын нэрсийг танилцуулсан юм: СХД-ийн “Энхүүш” ХХК-ийн Хүнсний дэлгүүр, Энхжин, Сэлэнгэ зах, БГД-ийн Хархорин худалдааны төв, Хороололын зах, Барс, Шилэн зах, Нарантуул худалдааны төвийн өргөтгөлд худалдаалагдаж байсан хадгалах горим алдсан болон хадгалалтын хугацаа дууссан 35 нэр төрлийн 65 килограм, 346 ширхэг нийт 1,138,000 төгрөгийн үнэ бүхий бүтээгдэхүүнийг хураан авч, устгалын комисст шилжүүлсэн, “Уран урт” ХХК-ийн Тэнгэрийн хур, Газрын ааг нэртэй цай, Болон “Дельта Фүүд” компанийн цагаан будааг газар дээр нь татан авалт хийлгүүлсэн, “Мондавс” ХХК-ийн БНХАУ-аас оруулж ирдэг 500 граммын савлагаатай, хадгалах хугацаа нь дууссан 1,000 уут иоджуулсан давсыг битүүмжилсэн, СХД-т үйл ажиллагаа явуулдаг “Сайханмонгол” ХХК-ийн Сэлэнгэ худалдааны төвийн нарийн боовны хэсэгт худалдаалж байсан “Бэст Бэйкэри” ХХК-ийн хаяг, шошгын зөрчилтэй дөрвөн нэр төрлийн 1,058 ширхэг нарийн боовыг худалдаанаас татан авалт хийлгэж тус тус ажиллаад байгаа аж.
АРХАНГАЙ АЙМГИЙН ЦАГААН ИДЭЭ ШААРДЛАГА ХАНГАСАН БАЙНА
Эдгээрээс гадна Ялалтын талбайд худалдаа эрхэлж буй Архангай аймгаас ирсэн 53 иргэн, аж ахуйн нэгжийн борлуулж буй цагаан идээний бүтээгдэхүүнд хяналт тавьж, сүү цагаан идээнээс дээж аван шинжилгээнд өгөхөд шинжилгээний хариу стандарт шаардлагад нийцсэн гэж гарсан байна. Дээрх ажлын хүрээнд НМХГ нийтийн эзэмшлийн гудамж талбайд ил задгай худалдаа эрхэлж, ууц, өвчүү чануулахгүй байх, мал амьтны гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн борлуулахгүй байх зэрэг зөвлөмжийг иргэдэд хүргүүлээд байгаа юм байна. Сар шинийн баяр удахгүй болох гэж байгаатай холбогдуулан иргэд худалдан авалт хийхдээ гарал үүсэл нь тодорхой, чанарын баталгаажилт, баримттай бүтээгдэхүүнийг худалдан авч хэрэглэхийг НМХГ-аас зөвлөж, сэрэмжлүүллээ.