Ираны нийслэл Тегеран хотын ойролцоо өчигдөр /2019.01.14/ орон нутгийн цагаар 08.30 цагт цэргийн ачаа тээврийн “Boeing 707” онгоц осолдож, 15 хүн амиа алджээ. Киргизстанаас мах тээвэрлэж явсан тус онгоцонд нийт 16 хүн байснаас ганц л хүн амьд үлдсэн нь онгоцны нислэгийн инженер байсан гэнэ. “Boeing 707” онгоц Тегеранаас баруун тийш 40 километрийн зайд оршдог Паяам нисэх буудалд газардах байсан бөгөөд Паяамд хүрч амжихгүй болсон тул Тегераны зүүн хойно байрладаг Фат нисэх буудал дээр ослын буулт хийх гэсэн боловч амжилтгүй болж онгоц жолоодлогоо алдан хувийн сууцны дээр унасан байна.
Энэхүү онгоц нь 1979 онд үйлдвэрлэгдсэн хуучин онгоц ба Ираны арми эзэмшдэг байжээ. АНУ Иранд цэргийн болон зорчигч тээврийн онгоц худалдан авахыг хориглосон хориг тавьснаас хойш тус улс ганц ч шинэ онгоц худалдан аваагүй байна.
Эх сурвалж: NEWYORKTIMES