Монгол улсад ажил, хөдөлмөр эрхэлж цалин хөлс авч байгаа хүн тус бүр өөрөөсөө гадна хоёр иргэнийг тэжээж байгаа ажээ. Өөрөөр хэлбэл 1 сая гаруй хүн л хөдөлмөр эрхэлж байна. Энэ 1 сая орчим хүн татвар төлөгч болж улсын төсвийг бүрдүүлдэг, дээр нь олон зүсмийн “цус шимэгчдэд” мөлжигддөг. Өнөөдрийн Монголд хамгийн том цус шимэгч бол НЭГДҮГЭЭРТ, Төрийн өндөр албан тушаалд шургалж амжсан луйварчид, шуналын туламнууд, ХОЁРДУГААРТ, Банкны эзэд, Банк бус санхүүгийн байгууллагууд болон ломбардуудын эзэд юм. Өдрөөр мөнгө хүүлэгчид гэж бас бий…
1921 оноос өмнө Хятадын худалдаа-санхүүгийн капитал малчин ардуудыг маань шулж, мөлжиж байснаас ч илүү ихээр өнөөдөр арилжааны банк ба Банк бус санхүүгийн байгууллагууд, ломбардууд жирийн иргэд болон жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийг шулж, мөлжиж байна. Тэд жилдээ 30-70 хувийн хүүтэйгээр мөнгө зээлдүүлдэг, зээлийн барьцаа хөрөнгийг ч элдэв зальжин аргаар булаан авдаг болжээ. Өнөөдөр тэд Монголын нийгэмд мөлжигч давхраа, сүлжээ болон хувалз адил шигдээд байна.
Сарын өмнө сонссон нэг баримтыг иш татъя. Баар, ресторанаар хааяа нэг хооллочихдог, бас ч нэлээд балгачихдаг, тэгж явах үедээ янз бүрийн хүнтэй уулзаж, ярилцаж, олныг сонсож мэддэг нэг танил маань надад дараах зүйлийг их л хэрэг болгож ярьсан юм.
Хотын төвийн нэгэн ресторанд өөрийгөө хэн бүхний мэдэх томоохон банкны хувь нийлүүлэгч, ТУЗ-ийн гишүүн хэмээн (хожуу танилцуулсан) нэгэн согтуу эр миний танилд дараах зүйлийг хөлчүүрхэн ярьжээ. Түүний хөлчүүрхэн, гайхуулан ярьснаар бол хэдэн том банкны гадаад, дотоод эзэд төрийн аль, ямар ч сонгуулийн үр дүнд мөнгөөр, авлигаар нөлөөлж өөрийн хүнээ сонгуулж чаддаг ажээ. “УИХ-ын гишүүн, засгийн газрын гишүүн, бүр ерөнхий сайд, ерөнхийлөгч болох ээлжит (дараагийн) утсан хүүхэлдэйнүүдийн нэрсийн жагсаалт бидэнд одоо ч байгаа гэж тэрээр “томорчээ”… 26 жилийн дотор “мөнгөөр мөнгө хийх”, эдийн засгийн аллага хийх бидний чадавх дэлхийд дээгүүрт орох болтлоо төгөлдөржсөн гэж ч малилзан өгүүлжээ. Бидний айдаг нэг юм бол гадны банкууд орж ирээд 3 хувь, түүнээс ч бага хүүтэй зээл өгч эхлэх вий гэсэн “цус царцам” мэдээ сонсох аймшигт мөч шүү дээ! Элдэв янзын цуу үг, айдас хүйдсийн үрийг ил, далд тарааж, цацсаар одоохондоо цаад малуудыг чинь сааж, мөлжиж болж л байна. Их хуралд олон дахин сонгогдсон нууц төлөөлөгчид маань тун авъяаслаг жүжигчид дээ. Элдэв аргаар үс зүсээ таниулахгүй байж чадаад л байгаа юм.
Хадгаламж нэрээр бүх цаасан мөнгийг цуглуулж авах, тэгээд элдэв арга, замаар 30-70 хувийн хүүтэйгээр гэнэхэн хэрнээ солиотой, солиотой үлгэрт итгээд том, бага зээл авчихдаг тэнэгүүдэд хот, хөдөөгүй тарааж өгөөд мөлжиж бай, хөлжиж бай, бидэнд ч хувийг маань нууцхан гулсуулчихаж бай гэсэн тохиролцоо бидэнд байдаг юм шүү… Чи муу энэнийг ойлгохгүй л дээ! Одоо үргэлжлүүлээд 10 жил л энэ аргаараа ажиллачихвал дараа нь юу ч болсон бид чинь өвөртөө ч юмтай, офшорт ч юмтай, үл хөдлөхөд ч олон гэрчилгээтэй, уул уурхайд ч багц лицензтэй, хаус, лимузин дотроо ханхайгаад сууж байх болно шүү дээ! Тэр цаг иртэл чи муу тэсэхгүй л болов уу, өлбөрөөд явчих биз дээ… хэмээсээр унтаад өгсөн юм” гэх танилынхаа үгийг сонсож билээ.
Хэрвээ өнгөрсөн 28 жилийн дотор манай иргэд жилийн ядаж л 5 хувиас бага хүүтэй зээл авч байсан сан бол өнөөдөр монголчууд маань хотод ч, хөдөөдөө ч яаж сайхан амьдарч, яаж сэргэж дэгжсэн байх бол оо? гэж бодохоос л дотор харлаж, хорсол төрөх юм. 30-70 хувийн зээлийн хүү бол ердөө л согтуу эрийн хэлдэг шиг аллага шүү дээ! Авсан зээлээ, дээр нь нэмээд ийм өндөр хүүг төлчихөж чадах ашигтай бизнес гэж байх уу?!
“Арилжааны банкны эздэд Монголын төр засгийн дээд байгууллагуудад нууц төлөөлөгчид байж байдаг гэх” үнэн бол энэ чинь юу болж байна вэ? Тэд чинь хэн хэн юм бэ? Тэд лоббидоод ч юм уу, авлига амлаад ч юм уу, аль эсвээс айлган сүрдүүлээд ч юм уу зээлийн хүүг ийм өндөрт байлгаад байж чаддаг гэж үү? Банкны эзэд яаж баяжиж, хөлжөөд байгааг нь бодохоор, төрийн дээд байгууллагууд руу яаж хомхойрон тэмүүлцгээдгийг нь санахаар согтуу эрийн үг яг л үнэн юм шиг ээ… Энэ чинь юу болж байна даа хүмүүс ээ?! Бид мөлжүүлж, нэмээд бас “мал” гэж нэрлүүлж доромжлогдож байдаг болох нээ?! Үнэн байдал ийм байх нээ?! Монгол банкны удирдлага ч энэ луйвар, мөлжлөгт нь хамсаатан болж оролцдог юм биш биз дээ?! Энэ талаар эргэцүүлж бодооч дээ! Эзэн нь хичээвэл л заяа нь хичээдэг гэдэг дээ!
Газар болон түүний хөрсөн дээр, доорхи баялаг, ой мод, гол ус бүгд л ард түмний өмч мөн. Энэн дээр нэмээд төрийн эрдэнэсийн сан, төрийн өмчид буй аж ахуйн нэгжүүд, улсын банкны мэдэлд буй валютын нөөц, алт, цаасан мөнгө (төгрөг) бүгд л ард түмний дундын өмч билээ. Гэтэл энэ бүгдийг тоолох, бүртгэх, чанарт нь хяналт тавих, хөдөлгөөнийг нь хянах ажил аль хэдийнээс орхигдож, ор нэр төдий болж, олон сувгаар үрэгдэж, шамшигдаж байх болжээ. Улсын эрдэнэсийн санд хадгалагдаж байсан урлагийн олон үнэт бүтээлүүд төрийн зарим томчуудын гараар дамжин хилийн чанадад худалдагдсан гэх цуу үг ч өргөн тархаад байна. Хуулийн байгууллагууд үүнийг мэддэг атлаа мэдээгүй дүр үзүүлдэг гэж ч ярилцах болжээ.
Үндэсний хэмжээний, аймгуудын хэмжээний музейнүүдийн үнэ цэнэтэй үзмэрүүд ч хүйтэн гараар орж, солигдож, тоногдож, дундарсаар байгаа бололтой.
Ард түмний өөрийн нь өмч болох үйлдвэр, аж ахуйн газруудыг мөн л ард түмний өөрийн нь өмч болох гадаад валют болон төгрөгийн нөөцөөр худалдаад авчихсан, хувийн өмч болгочихсон том том луйвар ч олон байгаа гэцгээх юм… Түмэн олон минь өмч, хөрөнгөндөө эзэн болооч дээ! Луйвар, булхай нэг бүрийг илчилж өмч, хөрөнгөө эргүүлж аваач дээ! Та бүхэнд ингэж чадах хүч, эрх байгаа шүү! Энэ бол тайван арга, замаар ч хийж болох ажил, хэрэгжүүлж болох зорилт.
Судлаач, профессор Д.Чулуунжав