Суут физикч Альберт Эйнштэйний гараар бичсэн “God letter” нэртэй захидлын эх хувь дуудлага худалдааны үеэр $3 саяын үнэ хүрсэн байна. Нью Йоркийн Christie’s дуудлага худалдааны төв энэ тухай Мягмар гарагт мэдээлжээ. Захидал анхны төсөөллөөс бараг хоёр дахин өндөр үнээр зарагдсан нь энэ юм.
1954 онд Германы философич Эрик Гуткиндэд бичсэн нэг бүтэн, тал хуудас захидалд Эйнштэйн бурхан, библийн судар, иудейн шашны талаар үзэл бодлоо илэрхийлжээ. Философичийн бичсэн шашны тухай номыг уншаад төрсөн сэтгэгдлээ тэр ингэж илэрхийлсэн юм байна. Тухайлбал бурхны тухай тэр “Бурхан гэдэг үг бол хүн төрөлхтний сул дорой байдлын илэрхийллээс өөр юу ч биш. Библ бол хүндлүүштэй бүтээл мөн боловч балар эртний, хүүхдийн гэнэн сэтгэлгээгээр бичигдсэн домог төдий зүйл” гэсэн байна. Энд бичсэнээс үзвэл 20 дугаар зууны хамгийн агуу сэтгэгч нь шашингүй үзэлтэн байжээ.
Гэхдээ тэр амьд ахуйдаа өөрийгөө шашингүй үзэлтэн гэж нэрлэхээс зайлсхийдэг байв. Мөн жүүд гаралтай Эйнштэйн уг захидалдаа өөрийн шашин болох иудейн талаар бичжээ. “Жүүдийн шашин бол бусад шашнуудын нэгэн адил гэнэн мухар сүсэг төдий зүйл. Бас надтай нэг үндэс угсаатайгаараа бахархдаг, өөрсдийгөө бусдаас илүү гэсэн сэтгэлгээтэй жүүд хүмүүсийн тухайд би тэднийг бусад үндэстнүүдээс ямар ч ялгаагүй гэж боддог” гэж Эйнштэйн бичсэн байна.
Философич Гуткиндийн бичиг цаастай хамт хадгалагдаж байсан энэ захидлыг 2008 онд анх Лондон хотод дуудлага худалдаагаар зарж байжээ. Тухайн үед өнөөдрийн ханшаар $216,000 орчим үнээр зарагдаж байсан юм. 1996 онд хэвлэгдсэн Эйнштэйний намтарт өгүүлснээр нэрт эрдэмтэн хүүхэд байхдаа маш их шүтлэгтэй нэгэн байжээ. Харин 13 нас хүрэх үеэсээ тэр шашны номлолд эргэлзэж эхэлсэн тухай өгүүлсэн байдаг.
Эх сурвалж: The Guardian