1970-1980-аад оны үед Өмнөд Солонгост тогтож байсан цэргийн дэглэм олон мянган орон гэргүй, тэнүүлч иргэдээр боолын хөдөлмөр эрхлүүлж байсан хэргийг саяхан шалгаж дуусжээ. Шалгалтын дүгнэлтийг өчигдөр танилцуулж, үүний дараа тус улсын ерөнхий прокурор Мүүн Мү Ил төрийн өмнөөс уучлал гуйсан байна. Орчин үеийн Өмнөд Солонгосын түүхэнд хүний эрхийг зөрчсөн хамгийн ноцтой хэргийн төлөө эрх баригчид 30 орчим жилийн дараа анх удаа албан ёсоор уучлал гуйсан нь энэ юм.
Тухайн үед тэнүүлч иргэдийг албадан ажиллуулж байсан “Ах дүүсийн төв” гэх нэртэй байгууламжууд хаагдаж байсан ч ажиллуулж байсан этгээд нь төрийн хамгаалалтаар ял шийтгэлгүй өнгөрч байжээ. Өчигдөр прокурорын дүгнэлтийг танилцуулах үед тус төвд хоригдон ажиллаж байсан арав гаруй иргэд байлцсан байна. Тэд хүүхэд насандаа энд хоригдож, боолчлогдож байсан юм. 1960-аас 1980-аад оны үед цэргийн дэглэм хотын гудамж талбайг цэвэрлэж, өнгө үзэмжийг сайжруулах үндэслэлээр олон мянган орон гэргүй, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, хүүхдүүдийг баривчилж, “Ах дүүсийн төв”-д хорьж, албадан ажиллуулж байв.
Энэ үед олон зуун иргэн цаг бусаар амиа алдаж, хүчиндүүлж, зодуулж байсны төлөө хэн ч хариуцлага хүлээгээгүй юм. 1988 онд Өмнөд Солонгост Зуны олимпийн наадам зохион байгуулах болсон нь уг арга хэмжээг эрчимжүүлсэн байна. Гэвч Бусаны ойролцоох 4,000 хүнтэй хорих төвийн аймшигт нууц 1987 оны эхээр задарч, уг асуудал олны анхаарлын төвд орж байжээ. Тухайн үед тогтож байсан Чун Ду Хваны цэргийн дэглэм Олимпийн наадмыг саадгүй зохион байгуулахын тулд уг хэргийн мөрдлөгийг зогсоож, баримтуудыг нуун дарагдуулсан байна. Зөвхөн Бусан дахь төвд 1975-1986 оны хооронд 513 хүн амиа алдсан гэсэн тоо бий.
Гэхдээ бодит байдал дээр энэ тоо нэмэгдэнэ гэж үздэг. Шалгалтын дүгнэлт дээр үндэслэн хэргийг дахин нээхийг ерөнхий прокурор өчигдөр Өмнөд Солонгосын дээд шүүхэд хандан уриалсан байна. Хэрвээ дээд шүүх уриалгыг хүлээж авбал засгийн газар иргэдийнхээ үндсэн хуулиар олгогдсон эрхийг хамгаалаагүй шалтгаанаар олон тооны хохирогсод нөхөн төлбөр төлөх магадлалтай болж байна.
Эх сурвалж: Associated Press