Азийн хөгжлийн банк /АХБ/ Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод шинэ цэвэрлэх байгууламжийг ашиглалтанд хүлээлгэн өглөө. Азийн хөгжлийн банкны санхүүжилттэй “Зүүн өмнөд говийн хот байгуулалт, хилийн ойролцоо суурин газруудын хөгжлийн нэмэлт санхүүжилтийн төсөл”-ийн хүрээнд барьсан байгаль орчинд ээлтэй, орчин үеийн шинэ цэвэрлэх байгууламж нь аймгийн төвийн 28 мянга гаруй оршин суугчдын эрүүл таатай амьдрах нөхцөлийг хангах юм байна.
АХБ-наас Монгол Улсад суугаа суурин төлөөлөгч хатагтай Ёланда Фернандаз Ломмен “Уг байгууламж нь АХБ-ны дэмжлэгтэйгээр Монгол Улсад баригдах арван цэвэрлэх байгууламжийн анхных нь юм. Эдгээр шинэ цэвэрлэх байгууламжууд нь Монгол Улсын хот суурин газрын өсөлт хөгжлийг дэмжиж, хүн ам, албан байгууллагаас гарах бохир усыг цэвэрлэж, голын ай сав газар болон байгаль орчныг бохирдолоос хамгаална” гэв.
Харин Өвөрхангай аймгийн засаг дарга Г.Ганболд “30 гаруй жилийн өмнө баригдсан хуучин цэвэрлэх байгууламжийг шинэчиллээ. Энэхүү шинэ цэвэрлэх байгууламж нь Арвайхээр хотын өнөөгийн буюу ирэх 25 жилийн хэрэгцээ шаардлагыг хангахуйц хүчин чадалтай бөгөөд эдийн засгийн хөгжлийг дэмжиж, амьдрах орчинг сайжруулахад томоохон үүрэг гүйцэтгэнэ. АХБ болон Өвөрхангай аймгийн түншлэлээр хот байгуулалтын салбарт хийж буй томоохон алхам боллоо” гэлээ.