“Аврагчийн хөрөг” булангаараа эгэл даруухан ажиллаж амьдарч, өөрийн гэсэн өнгө будагтай амьдралын түүхээ тод томруунаар бүтээж яваа алба хаагчдынхаа амьдрал, ажил үйлсийн амжилт бүтээл, ая данг уншигч танаа хүргэхээ зорьдог билээ. Тиймээс энэ удаа бид Увс аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн усчин аврагч, ахлах ахлагч О.Эрдэнэцогтыг уншигч та бүхэнтэй уулзуулахаар урьсан юм. Тэрбээр Онцгой байдлын албандаа 13 дахь жилдээ ажиллаж байгаа юм.
– Увс аймаг Их нууруудын хотгор, Алтайн салбар уулсын бүсчлэлд багтдаг нуур, ус ихтэй. Тэгэхээр ажлын ачаалал их биз?
-Ажлын ачаалал байлгүй яахав. Бид зуны саруудад Хяргас, Увс нуурууд дээрээ эргүүлд гаран ажилладаг юм. Увс нуур наанаа гүехэн ус ихтэй учраас хүмүүс айхтар хол явж гүн рүү нь ордоггүй. Харин Хяргас нуур бол тийм биш. Жаахан явж байгаад л огцом доошоо ороод явчихдаг учраас нэг хөл алдвал аюултай.
Тиймээс бид эргүүлээр очсон хугацаандаа шөнө бараг унтдаггүй. Тэнд байгаа бүх хүнийг унтаж, амарсан хойно л амарна шүү дээ. Гэхдээ одооны хүмүүс их ухамсартай, анхааруулга, шаардлагыг сайн хүлээж авдаг болсон. Анх биднийг очихоор амарч байгаа хүмүүс “та нар муу юм зөгнөж ирлээ” гэж уурладаг байсан. Одоо бол тэгэхээ больсон. Хүмүүсийн ухамсар шал анги болсон. Мөн өнгөрсөн жилээс эхлээд баруун таван аймгийнхаа хэмжээнд нэмэх дуудлагаар их явдаг болсон.
-Бүсийн тогтолцоонд шилжсэнээр аймгуудад дуудлагад явах нь ихсэв үү?
-Тэгсэн. Хаана осол эндэл гарна тэнд аль ойрхон байгаа аймгаас аврагчид маань очоод ажиллачихдаг болсон. Юм улам л гоё болоод байна. Хуучин нэг аймагт нэг хоёрхон л усчин байна. Тэгээд ямар нэгэн осол дээр хоёулахнаа очоод хэдэн өдрөөр ч хамаагүй ажилладаг учраас их ядардаг байсан юм. Гэтэл одоо бусад аймгуудаас ирээд хамтраад ажиллачихдаг болсон чинь туршлага солилцоод, ажиллахад ч урамтай сайхан болсон. Үр дүн нь ч илүү болж байгаа юм.
-Тэгэхээр гол ус болгон өөр өөрийн гэсэн өнгө төрх, өвөрмөц онцлогтой гэдэг. 10 гаруй жил энэ мэргэжлээр ажиллахад баруун таван аймгийнхаа гол, нууруудыг энэ нь эндээ ийм, тэр нь тэндээ нэг тиймэрхүү гэх мэтээр багцаалддаг болсон болов уу?
-Багцаалдана шүү. Ховд аймагт гэхэд ийм гол, тийм нуур байгаа. Тэр хавьд ч тиймэрхүүдээ гэсэн анхан шатны мэдэгдэхүүнтэй болсон гэж дотроо л боддог юм. Гэхдээ усанд ам гарч болохгүй, аюултай. Ховд аймагт ажиллахаар очсон бол тухайн газрынхаа хүмүүсийн удирдлагад ороод сайхан ажиллах хэрэгтэй. Тэд чинь биднийг бодвол нутаг орныхоо гол усыг сайн мэдэж байгаа шүү дээ. Тиймээс тэднийхээ үгийг сайн сонсох хэрэгтэй. Бусад газраас аврагчид манайд ирлээ гэхэд бид ч бас манай энэ нуур, гол ийм шүү, эндээ иймэрхүү шүү гэж зааж өгнө шүү дээ.
Жишээ нь, Увс нуур давстай, үзэгдэх орчин хязгаарлагдмал. Гэтэл Үүрэг нуур давс нь бага учраас цэнгэг талдаа, үзэгдэх орчин арай л хол харагдана гэх мэтээр нуур, ус бүр өөр өөрийн гэсэн онцлогтой. Доогуураа хаялагатай нуур байна. Хяргас нууранд осолдсон хүний цогцос дандаа босоо байдалтай байж байдаг бол Увс нууранд янз бүрийн байдалтай байдаг. Давалгаа түрлэг, урсгалаас л шалтгаалдаг байх.
-Үнэндээ усны ослын дуудлага гэдэг амьд хүн олж аварна даа гэхээсээ цогцос л олж авна даа гэж сэтгэлзүйгээ бэлтгэж очих ёстой дуудлага байдаг. Үүнээс жийрхэж, шантрах үе байв уу?
-Миний хувьд барагцаагаар 120 гаруй удаа усны дуудлагад явсан байдаг юм. Гамшиг осол, гал түймэр, үер усны дуудлага нийлээд 180 гаруй удаагийн дуудлагад явж, 190 гаруй иргэний амь нас, иргэд аж ахуй нэгж, байгууллагын 350 гаруй сая төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалахад нөхөдтэйгөө хамтран ажилласан байдаг юм билээ. Саяхан нэг судалгаа авахад тооцож үзсэн юм. Энэ чинь бидний хийх л ёстой ажил шүү дээ. Тиймээс би чадна, хийнэ гэж энэ албандаа орсон болохоор шантарч, буцах сэтгэл төрж байсангүй ээ. Үнэндээ усны осол гэдэг бурхан цаанаас нь учрал тохиол олгож, яг хажууд нь байж л таарахгүй бол амьд авна гэж байдаггүй осол шүү дээ. Тийм болохоор бид ард иргэддээ анхааруулга, сэрэмжүүлгийг байнга хүргэж ажилладаг юм.
-Танд тийм учрал тохиол таарч байв уу. Ойрхон байж, эндэхээс нь аварсан?
-Тийм тохиол байсан шүү. Одоогоос хоёр жилийн өмнө Хяргас нууран дээр эргүүл хийгээд явж байсан юм. Нэлээд орой болж байсан. Гэтэл гэнэт нуурын захад хийлдэг гудас хөмөрчих шиг болсон. Би ч завиа асаагаад яваад очтол Ховд аймгийн харьяат эхнэр, нөхөр хоёр хөмөрчихсөн байсан. Тэднийг дөнгөж уснаас гаргаад байж байтал нэг машин аймаар хурдтай ирээд зогссоноо хоёр залуу гарч ирээд л дөрвөн хүн үхчихлээ гээд л орилсон. Уйлалдаад л… Хаана осолдов гэтэл бүүр нуурын гүн рүү заасан.
Тэр үед нууранд жаахан давалгаа үүсчихсэн байсан юм. Тийм үед хоёр хүний хийлдэг завин дээр дөрвөн эмэгтэй гарч суугаад давалгаанд хөөгдөөд явчихсан байсан. Харагдах бараа байдаггүй. Нар нэлээд орчихсон байдаг. Надтай нэг аврагч, дөрвөн гал сөнөөгч явсан юм. Тэднийгээ завиндаа доошоо суугаарай гэж суулгаад, бас нэг залууг нь аваад зүг чиг заалгаад нөгөө завьтай хүмүүсийнхээ эрэлд явсан. Бараг 40-өөд минут явсан байх аа. Нэлээд удаан явж байтал нэг хар юм харагдахаар нь “за энэ завь нь хөмөрчихөж” гэж л бодогдсон. Бас л дотор их эвгүй болдог юм билээ. За байз, энэ дөрвөн хүнийг би хаанаас хайх вэ гээд л. Тэгээд яваад очтол том машины дугуйн олгой хаймар байсан.
-Ашгүй дээ л гэж бодов уу?
-Тэгэлгүй яахав. Олгой хаймар байхыг хараад маш их баярласан. Тэндээс нэлээд цааш явтал өнөө завь харагдсан. Гэхдээ хоёр хүн л харагдаад байдаг. За ямар ч байсан хоёр нь амьд байгаа юм байна гэж бодоод, нөхрийг нь ямар ч хөдөлгөөн хийж болохгүй шүү гэж завинд доош нь даруулж суулгаад дөхөөд очтол хоёр нь завин дотроос босоод ирсэн. Бөөн баяр болж байгаа юм чинь. Өөрийн ах дүү шиг л юм болсон. Өнөөдүүл маань бөөн уйлаан болоод л.
Тэгээд нөгөө дөрвийгөө завиндаа авч суулгаад завиныхаа голд хөдөлгөөнгүй сууцгаагаарай гэж хэлээд хөдөлж байлаа. Манай завь найман хүний даацтай. Гэтэл бид нөгөөдүүлийг аваад есүүлээ болчихсон. Нар орж байдаг. Тиймээс хамгийн ойрын эрэг хаана байна гэж харж байгаад л тэр зүг рүү явсан. Нар ороод харанхуй болоход эрэг дээр гарч ирсэн. Хүмүүсээ эрэгт гаргаад л сульдаад унаж байгаа юм чинь. Тэгээд босч ирээд гүнзгий амьсгаа авах сайхан байсан шүү.
-Яалт ч үгүй нэг орой зургаагийн зургаан хүний амь аварсан байна шүү дээ?
-Тэгэлгүй яахав. Тэдний чинь ард үр хүүхэд, ээж аав гээд өчнөөн хүн байгаа шүү дээ. Нэг эмэгтэй нь бүр дөрвөн сартай нялх хүүхдээ орхиод явчихсан байсан. Нөхөр нь биднийг очиход үхснээ хийж чи завинд суусан юм бэ гэж уурлаад би “Чи уурлах яах вэ наад хүүхдээ хөхүүл” гэж хэлж байлаа. Бидний гарсан эргээс амралтын бааз руу очиход бараг 6-7 цаг явж очсон байхгүй юү. Машин ирэхгүй, хүмүүс маань даараад болохгүй болохоор нь гүехэн усанд дулаан байдаг учраас хүмүүсээ гүехэн усанд алхуулаад, араас нь хоёр завиа чирээд бараг гурван километр хэртэй явсан. Тэгж байтал манай машин ирсэн юм.
Тэр шөнө үнэхээр нойр хүрээгүй. Нэг л бахдал төрөөд ч гэх юм уу… Гэхдээ хүний сэтгэл гэж сонин шүү. Нуурын дундаас тэднийг олж авахад “наад завиа хаячих аа” гэж байсан юм. Гэтэл би завьтай явсны нотолгоо болгоно гээд өнөө завийг нь өөрийнхөө завины араас гутлын үдээсээр холбоод чирээд явсан. Тэгсэн нь амралтын баазад очсоныхоо дараа “хүний завь байсан юм. Өрөнд орох гээд байна” гэж ирж нэхээд, аймаг ороод Онцгой байдлын газар дээрээс авчихаа гэхээр тэгж амжихгүй гэж нэхсээр байгаад аваад явсан шүү.
Би газар руу яриад ингээд завиа нэхээд байна аа гэсэн чинь “За одоо тэгвэл өг дөө” гэсэн. Иймэрхүү юм өчнөөн тохиолдоно оо. Увс нууран дээр хоёр хүүхэд аварч байлаа. Тэгэхэд яг л өөрийн минь хүүхдүүд шиг санагдаж байсан. Миний хүүхэд ингээд явж байвал яана даа гээд л. Тэрнээс хойш хүүхдээ гол ус руу дөхүүлэхээ байсан. Хүүхэд гэдэг чинь санамсаргүй юмнаас л гэнэдчих гээд байдаг. Тэр дундаа усны осол бол хормынх шүү дээ. Ер нь тэгээд амьд хүн олно гэж боддоггүй. Цогцостой нүүр тулна л гэж бодож явах хэрэгтэй.
-Ингэхэд яагаад усчин аврагч болохоор шийдсэн юм бэ?
-Цэргийн хүн болно гэсэн ганцхан мөрөөдөлтэй л байлаа. Мөрөөдөлдөө автаад толины өмнө ёслоод л зогсоно. Тэгээд Онцгой байдлын албанд алба хаагчид шалгаруулж авна гэдгийг сонсоод очиж шалгуулаад орсон доо. Анх бид гучин хэдүүлээ шалгалтад орсноос 18 залуу шалгарч үлдээд, тэндээс зургаан хүн тэнцэж, ажилд томилогдож байлаа. Анх ажилд томилогдохдоо л усчин аврагчаар томилогдсон. Увс аймгийн Тэс сум гэж ус гол ихтэй сайхан нутагт өссөнийх би үүнийг хийж чадна гэж зориглосон. Сүүлд мэдэх нь ээ нэг нагац ах маань манай албанд усчин аврагч байсан юм билээ. Тэгээд одоо тэр ахын маань удам татсан юм болов уу гэж боддог юм.
-Анх албанд орохдоо нагац чинь энд ажиллаж байсан гэдгийг мэдээгүй хэрэг үү?
-Мэдээгүй ээ. Тэр ах маань цагдаагийн хүн. Би тэр ахыгаа цагдаа гэдгийг нь л мэддэг юм. Тэгтэл манайд ажиллаж байгаад цагдаагийн алба руу явсан юм билээ. Албандаа ороод хоёр гурван жил ажилласныхаа дараа л мэдсэн. Ах нар манайд Цэдэн-Иш гээд маш сайн усчин аврагч байсан гэж яриад л. Сүүлд ханан дээр хуучны зургууд гаргаж тавьсан чинь ах байсан. Тэгээд л би энэ хүний залгамж халаа юм байна. Үүргээ нэр төртэй гүйцэтгээд явахсан гэж бодсон.
-Тэгвэл анхны үүрэг гүйцэтгэсэн дуудлагаа мартаагүй биз дээ?
-Анхны даалгавар гэдэг мартагддаггүй юм билээ. Хар-Ус нууранд хоёр хүүхэд осолдчихлоо гэсэн дуудлагаар анх үүрэг гүйцэтгэхээр явж байлаа. Намайг анх ажилд орж байх үед одоогийнх шиг усны хувцас, баллон ч гэж байсангүй. Байхаас дөрвөн сэлүүртэй хар завь л байсан. Тэр дуудлагаас их юм сурсан даа. Эхэндээ яахаа ч мэдэхгүй үсэрч ороод л хэсэг хугацаанд явж байгаад л гарч ирнэ. Ер нь тухайн үед аз байвал таарна, аз байхгүй бол зөрөөд л явчихдаг байсан. Миний хувьд анхны дуудлагаар яг хүн дээрээ буусан. Тэгээд гаргаж ирчихээд их баярлаж байж билээ.
-Анх удаа л усанд осолдогчтой тулсан байх. Сандарч, айж сэжиглээгүй юү?
-Олчих юмсан гэж бодож байсан болохоор огт тийм бодол төрөөгүй. Анхны даалгавраа биелүүлсэндээ бөөн баяр л байсан. Харин нэлээд хэд хоногийн дараа нөгөөхөө бодоод, би хаанаас нь, яаж барьсан бол гэж бодсон чинь бие эвгүйрхэж байсан шүү. Одоо ч сэтгэлзүйн хувьд бэлтгэлтэй болчихож дээ.
-Хамгийн гүндээ хэдэн метрт шумбаж байв?
-Хамгийн гүндээ 28 метрт шумбаж байсан. Харин Завханы Баяннуураас нэг орос “нөхрийг” гаргахад 18 метрийн гүнд орж байсан. Мэдэхгүй газар 18 метр шумбана гэдэг бас бэрх шүү. Тэгэхэд хамтрагчтайгаа цуг шумбаж байсан юм. Хамтрагч маань мэргэжлийн усчин биш л дээ. Гэхдээ албанд хамт орсон цагаасаа л өчнөөн дуудлагад хамт явж байна. Одоо бид хойч ирээдүйгээ бодьё гэвэл өөртөө тавьсан зорилготой залуусыг албандаа авмаар санагддаг юм.
Би сүүлийн дөрвөн жил усчин аврагчийн сургалт явуулж байна. Аль гайгүй гэсэн залуусыг шилж аваад л явдаг юм. Гэтэл залуус маань нэг хоёр удаа гүнд шумбаж үзээд л даралт энэ тэрээ зохицуулж авч чадахгүй зориг нь мохчихдог. Тэгж чадсанууд нь гэртээ очоод хэлэхээр ар гэрийнхэн нь дургүйцээд болиулчих юм. Тэгэхээр өмнөө тавьсан зорилготой, сэтгэлтэй залуусыг сонгож авч гадагшаа дотогшоо явуулж бэлтгэмээр санагддаг юм. Баруун таван аймгийн хувьд усны сургалт хавар, намартаа явагдаад тогтчихсон. Хавар, намарт усны сургалт хийнэ гэдэг олон сайн талтай байдаг. Намар сургалт хийхэд ус хүйтэрчихсэн байдаг учраас өвлийн улиралд шумбалт хийхэд биеийн цочроо гарчихсан байдаг гэх мэт.
-Олон жил ийм ажил хийгээд ирэхээр мэргэжлийн өвчин гэдэг нь тусаад ойр дотныхонтойгоо ч гол усны ойролцоо зүгээр амарч чадахаа больчихдог гэх юм билээ?
-Тийм шүү. Тэр хавийн бүх хүмүүст л анхаарал хандуулаад эхэлнэ шүү дээ. Нэг удаа би ах, дүү нартайгаа Хяргас нуурын эрэгт очиж амарсан юм. Тэгээд мах шарж байснаа дүүд чи үүнийг шарж бай, би энүүгээр жаахан явж хүмүүст анхааруулчихаад ирье гэтэл ах “чи одоо ажлаар яваа юм уу, бидэнтэй амарч яваа юм уу” гэж уурлаж байсан юм. Тиймэрхүү юм нэлээд тохиолдоно оо. Амарч явсан ч гэсэн ард түмнийхээ аюулгүй байдлыг хангаж л явна шүү дээ. Модтой газар явсан ч өөрөө үлдэж бууриа цэвэрлээд, үнс нурмаа бүрэн унтраагаад л хөдөлнө дөө.
-Бид ажлын талаар хөөрөлдсөөр яриа маань өндөрлөх нь. Гэр бүлээ танилцуулаач?
-Эхнэр гурван хүүхэдтэй. Би жаахан хожуу гэрлэсэн юм. Онцгой байдлын албанд орсныхоо дараа.
-Тийм бол хэцүүхэн ажилтай хүний гэргий болж байгаа гэдгээ эхнэр тань мэдэж байсан байлгүй дээ?
-Аан ер нь эхний үед ч хэцүү байсан шүү. Дуудлагаар их явна. Гэртээ сард сайндаа л 10 хононо. Тэгэхээр ар гэртээ, үр хүүхэддээ анхаарал тавьсангүй гээд эхэндээ нэлээд уурладаг байсан. Хоёр дахь хүүхэд гарах үед угаасаа л ийм хэцүү алба гэдгийг мэдрээд эхэлдэг юм билээ.
-Манай аврагчид спортоор хичээллэх нь түгээмэл байдаг. Бэлтгэл, бэлэн байдлаа хангахад тустай болохоор тэр байх. Таны хувьд хичээллэдэг спорт бий юү?
-Спортод ер нь сонирхолтой. Теннис, биллиард тоглох дуртай. Ажилдаа орсноос хойш 11 жил маршинд гүйсэн. Байгууллагын цомыг 2007 онд авч байлаа. Дараа жил нь мөнгөн медаль авсан. Дахиад гурван хүрэл медаль бий. Одоо зодог тайлаад хоёр жил болж байна. Гэхдээ найзуудтайгаа хааяа гүйдэг юм.
-Бахархал гэвэл?
-Өөрийн мэргэжлээрээ л бахархдаг даа. Өөрөө дурлаж орсон болохоор өө сэв гаргахгүй ажиллахсан гэж боддог юм. Тэгээд ч залуучууддаа өмнөө тавьсан зорилготой бай. Зорилготой байж, юм хийж сур. Тэгэхгүй бол та нар энэ байгууллагад ажиллаж чадахгүй. Зорилго нэгтэй байж сур гэж хэлдэг юм. Хуучлах зүйлс олон ч сонины маань зай талбай хэмжээтэй учир бидний ярилцлага энэ хүрээд өндөрлөлөө. Хүсэл мөрөөдлийнхөө оргилд хүрч, гэгээн үйлсийнхээ гэрэлд жаргаж яваарай.
“Онцгой мэдээ” сонин