Олборлох үйлдвэрлэлийн ил тoд байдлын санаачилгын ажлын албаны зохицуулагч Ш.Цолмонтой ярилцлаа.
-Дэлхийн банкнаас хийх санхүүжилт зогсож байгаатай холбогдуулан энэ оны арванхоёрдугаар сараас төсөл зогсоно гэсэн. Иргэдийн зүгээс төсөл хэрэгжсэнээр эрдэс баялгийн салбарын мэдээлэл харьцангуй ил тод болж, өгөөжтэй байлаа гэж дүгнэж буй. Энэ утгаараа төслийг цааш үргэлжлүүлэх боломжгүй юм уу?
-Монгол Улсын Засгийн газраас баталсан тогтоолын дагуу Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын төслийг Дэлхийн банкны санхүүжилтээр 2007 оноос хэрэгжүүлж эхэлсэн. Төслийн хувьд энэ оны арванхоёрдугаар сарын 31-нээр дуусаж байгаа. Төсөл хэрэгжсэнээр эрдэс баялгийн салбарын мэдээлэл иргэдэд нээлттэй болсон уу гэвэл болсон. Гэхдээ 100 хувь бүрэн биш. Тиймээс цааш үргэлжлүүлэх асуудлыг зохих журмын дагуу тавьсан.
Харамсалтай нь нэгдүгээрт, Монгол Улс 12 жилийн хугацаанд эрдэс баялгийн салбарын мэдээллийг ил тод болгох тал дээр амжилт олсон учир биеэ дааж, дотооддоо зохион байгуулалт хийх замаар ажиллах боломжтой. Хоёрдугаарт, Дэлхийн банкны санхүүжилт танагдсан учир төслийн хэлбэрээр санхүүжилт хийх боломжгүй гэж үзсэн. Тиймээс дотооддоо улсын төсвийн санхүүжилтээр холбогдох яам, агентлаг дээр хэрэгжүүлэхээр ярилцаж байна.
Энэ арваннэгдүгээр сард багтаж тодорхой шийд гарчихвал бэлтгэл ажил хангах хугацаа бидэнд гарна. Олон улсын нарийн бичгийн дарга нарын газраас өгсөн зөвлөмжөөр бол тодорхой үр дүнд хүрч суурь нь тавигдсан учир холбогдох яам нь хариуцаж ажиллах хэрэгтэй гэсэн. Ер нь бол дэлхийн ихэнх оронд төслийн хэлбэрээр хэрэгжүүлдэг. Гэхдээ холбогдох яам нь хариуцаж ажилладаг цөөнгүй жишээ бий. Тэр туршлагыг судалж ашиглах цаг нь ирсэн гэж нэг ёсондоо үзсэн хэрэг. Гэхдээ жил бүр гаргадаг тайлан нь гол мэдээллээ агуулсан, иргэдэд илүү ойлгомжтой, ашиглахад хялбар байхаар шинэчлэх санал тавьсан. Энэ дагуу судалгаа хийсэн.
-Дэлхийн банкны зүгээс манай улсын эрдэс баялгийн салбарын мэдээлэл харьцангуй нээлттэй болчихлоо гэж үзсэн гэхээр төсөл үр дүнд хүрсэн гэж дүгнэсэн байх нь. Та тэгвэл үүнийг юу гэж харж байна вэ. Холбогдох яам, агентлаг төслийн хүрээнд цуглуулсан мэдээллийг ашиглаад цааш үргэлжлүүллээ гэж бодъё. Гэтэл татварын албанаас эхлээд үл ойлголцол бий. Эдгээрийг бүрэн цэгцэлтэл хугацаа шаардлагатай юу?
-Байгууллагын үйл ажиллагаатай холбоотой үл ойлголцол бий. Үүнийг ганц, хоёрхон өдрийн дотор шийдэх боломж байхгүй. Тиймээс холбогдох яам, агентлагийн хариуцаж үлдэх ажилтнуудыг сургана. Хэдхэн хоногийн дотор сурчихдаг зүйл биш учир оноос өмнө хийхээр төлөвлөж, “Шилжилтийн төлөвлөгөө’’-г боловсруулж, Ул уурхайн яаманд хүргүүлсэн. Шийд ирэхээр нь сургалтаа эхлүүлнэ.
-Нийт хэдэн байгууллагын ажилтанг сургах вэ?
-Нийслэл, аймгийн 40 гаруй байгууллагын алба хаагчдыг сургалтад хамруулна. Дэлхийн банкны зүгээс төрийн байгууллагуудын мэдээллийн баазыг чанаржсан гэж үзсэн. Төсөл хэрэгжсэн 12 жилийн туршлагаас харахад тайлан мэдээ өгч байгаа байдал, тайлан ирүүлэх хурд нь жилээс жилд нэмэгдсэн нь үүнийг баталдаг. Өмнө нь 1,000 хүрэхгүй аж ахуйн нэгж тайлан гаргадаг байлаа. Тэгвэл энэ жил гэхэд 1,500 орчим болж өссөн. Эндээс харвал, төр болон хувийн хэвшлийнхэн тайлан, мэдээгээ гаргах мэдлэг, мэдээлэл, чадамжтай болсон гэдэг нь харагдах байх. Одоогийн байдлаар 2006 оноос хойших тайлан, мэдээний бүрэн баазтай болсон.
Эрдэс баялгийн салбарын мэдээллийг олон нийтэд ил тод болгосноор тухайн компани хэдэн ажилтантай, жилд хэдий хэр хэмжээний олборлолт явуулж, хэдэн төгрөгийн орлого олдог, хэдэн төгрөгийн татвар төлсөн гэдгийг иргэд мэдэх бүрэн боломжтой. Ингэснээр авлига хээл хахуулаас ангид байна. Дагаад нийгмийн хариуцлага нэмэгдэнэ гээд маш сайн үр дүнг араасаа дагуулдаг. Дээр нь эрдэм шинжилгээний ажил, их, дээд сургуулийн сургалтын хөтөлбөр, олон улсын хурал, семинарт ашиглах боломжтой. Үүнээс гадна тодорхой шийдвэр гаргах төвшний ажил, цаашлаад тогтвортой хөгжлийн чиг хандлагыг тодорхойлоход ашиглах боломжтой юм. Эдгээрээс хамгийн гол зүйл нь гаднын хөрөнгө оруулалтыг татах, бизнес эрхлэх таатай орчинг бий болгоход ач холбогдолтой.
-Эрдэс баялгийн салбарын ашиг хүртэгч цаад эздийг ил болгоход танай төсөл томоохон үүрэг гүйцэтгэсэн. Энэ ч утгаараа нийгэмд багагүй цочроо өглөө. Тэдгээрийг ил болгох нь ямар ашигтай юм бэ?
-Төслийн хувьд ашиг хүртэгч эздээс гадна гэрээний ил тод байдал, орон нутгийн харилцаа холбоо гээд нэлээд олон асуудлыг ил тод болгож ажилласан. Ашиг хүртэгч эздийн хувьд хэн нь хэн бэ, энэ уурхайг хэн эзэмшдэг юм бэ. Тухайн уурхайд хөрөнгө оруулж, хамтарч ажиллахаар боллоо гэхэд “Энэ хүн жинхэнэ эзэн нь мөн юм уу, үгүй. Цаашлаад найдаж болох уу” гэдэг эргэлзээг тайлахад чухал үүрэгтэй. Хууль бус зүйлтэй холбогдсон хүнтэй хамтарч ажиллахад найдваргүй шүү дээ.
Тиймээс хөрөнгө оруулалтын орчинг таатай болгох, нөгөө талаасаа татварын дутуу төлөлт, татвараас зайлсхийх эрсдэлээс урьдчилан сэргийлэх боломжтой. Өөрөөр хэлбэл, жинхэнэ эзэнтэй хариуцлага тооцох боломжтой болно гэсэн үг. Түүнчлэн тухайн иргэн хуулийн дагуу хөрөнгө эзэмшсэн бол үүнийг нь хууль ёсных гэдгийг баталгаажуулах бололцоотой болох юм. Иргэдийн хувьд тухайн орон нутагт хэн гэдэг хүний эзэмшлийн компани үйл ажиллагаа явуулж байна. Албан тушаал, эрх мэдлийн ашиг сонирхолтой эсэх зэргийг тодруулахад ач холбогдолтой.
Ингэхээр хууль хяналтын байгууллагын ажилд ч дөхөм болно. Мэдээлэлтэй хүн мэдлэгтэй гэдэг үг байдаг даа. Мэдээллийг ил тод болгоход ийм ашигтай. Гэхдээ энд нэг хүндрэл бий. Хууль, эрхзүйн орчин дутмаг байна. Наанадаж л хувь хүний эрхээс эхлээд язгуур эрхтэй холбоотой асуудал бий. Эдгээрийг хөндөхгүйгээр 2020 оны нэгдүгээр cap гэхэд ашиг хүртэгч жинхэнэ ээдийг ил тод болгохоор олон улсын өмнө үүрэг хүлээсэн.
-Олон улсын өмнө үүрэг хүлээсэн. Гэтэл төсөл дууслаа. Цаашаа хэн хариуцах юм бэ?
-Холбогдох яам, агентлаг хариуцаж ажиллана.
-Төр оролцсон зүйлд хийдэл үүсэхгүй гэх боломж ховор байдаг биз дээ?
-Тийм тал байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ бид өөрсдийн нөөц боломжиндоо тулгуурлаж, бололцоотой бүхнийг хийсэн. Холбогдох байгууллагууд чиг үүргийнхээ дагуу, хууль журмаа баримталж ажиллаж байгаа эсэхэд хууль хяналтын байгууллагууд хяналтаа тавих байх. Гэхдээ үүнээс урьтаж хууль, эрх зүйн орчинг бий болгох хэрэгтэй. Бидний зүгээс гэвэл, төр, иргэний нийгэм, компанийн төлөөлөл оролцсон уулзалт, хэлэлцүүлгийг сүүлийн хоёр жилийн хугацаанд олон удаа хийсэн. Энэ үеэрээ хуулийн нэр томьёо нь ийм байх ёстой гэдгээс эхлээд бүх тодорхойлолтыг нь гаргаж өгсөн. Жишээлбэл, УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргилд Засгийн газрын Хэрэг эрхлэх газраар дамжуулж өгсөн. Харамсалтай нь бидний өгсөн саналд өнөөдрийг хүртэл хариу өгөөгүй.
Эх сурвалж: Үндэсний шуудан сонин