Өнгөрсөн сарын эхээр Истанбул дахь Саудын Арабын консулын газарт нэвтрээд сураггүй болсон сэтгүүлч Жамал Хашоггийн хэрэг бүрхэг хэвээр байна. Катарын Аль Жазира сувагт ярилцлага өгсөн Туркийн Сабах сонины эрэн сурвалжлах албаны дарга Хашоггийн сүүлчийн үг юу байсан тухай олдсон хоолойн бичлэг дээр үндэслэн мэдээлжээ.
Хашоггийн толгойд гялгар уут угласнаас хойш долоон минутын дотор тэр амиа алдсан гэнэ. Толгойд нь угласан гялгар уутыг авахыг шаардсан үг Хашоггийн сүүлчийн хэлсэн үг байжээ. Өнгөрсөн Бямба гарагт Туркийн ерөнхийлөгч Рэжэп Тайип Эрдоган дэлхийн нэгдүгээр дайн дууссаны 100 жилийн ойд оролцохоор явахаасаа өмнө нэгэн чухал мэдэгдэл хийсэн юм. Тэрээр Хашоггийн аллагатай холбоотой баримт болох аудио бичлэгийг Саудын Араб, АНУ, Их Британи, Франц, Германы эрх баригчид руу илгээсэн тухай мөн дурджээ.
Саудын Арабын угсаа залгамжлах ханхүүгийн хүчтэй шүүмжлэгч гэгддэг байсан Жамал Хашогги аравдугаар сарын 2-ны өдөр консулын газарт хувийн ажлаар очоод сураггүй болсон юм. Саудын Арабын эрх баригчид аллагыг зохион байгуулаагүйгээ мэдэгдэж, хэргийг шалган буруутныг олж тогтоохоор ажиллаж эхэлснээ зарлаад удаж байна. Энэ хооронд Туркийн тал аллагын талаар баримтуудыг цувруулан ил болгосоор байгаа юм.