2018-11-12 09:151min00

Г.Отгонцэцэг Узбекистанаас медальгүй буцав

tstss

Казахстан улсын нэрийн өмнөөс барилдаж буй жүдоч Г.Отгонцэцэг өчигдөр /2018.11.11/ Узбекистан улсын Ташкентад өндөрлөсөн жүдо бөхийн Гранпри тэмцээнээс медаль хүртэж чадсангүй. Тэрбээр 48 кг-ын жинг тэргүүлэн барилдсан ч хоёрдугаар тойрогт Азербайжаны Гурбанли Аишад ялагдан, тэмцээнээ өндөрлүүллээ.

Г.Отгонцэцэг аравдугаар сард Арабын нэгдсэн Эмират улсын Аби-Дабигийн “Их дуулга”-д мөн л хоёрдугаар тойргоос тэмцээнээ өндөрлүүлсэн. Түүний хувьд энэ жилийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хойш хоёр тэмцээнд оролцсон ч медальд хүрч чадсангүй. Казахстан улсын гавьяат тамирчин, “Рио 2016” олимпийн наадмын хүрэл медальт, ДАШТ-ий хошой хүрэл медальт Г.Отгонцэцэг 48 кг-ын жинд дэлхийн чансааны зургаад бичигдэж байна.

Түүний хувьд ирэх сард Японд болох чансаа өндөр жүдочид оролцдог “Мастерс”-т өрсөлдөх боломжтой юм. Г.Отгонцэцэг энэ жилийн ДАШТ-д М.Уранцэцэгийг ялж, хүрэл медаль хүртсэн. Тэрбээр хоёр жил дараалан ДАШТ-ээс хүрэл медаль хүртээд байна.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй