Өчигдөр буюу Ням гарагт Францын нийслэл Парис хотноо Дэлхийн Нэгдүгээр дайн дууссаны 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгуулагдлаа. Арга хэмжээнд дайнд оролцогч улсуудын төрийн тэргүүнүүд уригдсан юм. Энэ үеэр АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп, ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин нар уулзсан нь өнгөрсөн долдугаар сард Финландын Хельсинки хотод уулзсанаас хойш анхны тохиолдол байлаа.
Парисын Ялалтын хаалганы дэргэд болсон гол арга хэмжээнд улс орнуудын удирдагч нар цуглаад байв. Тэднээс хоцорч ирсэн Путин Франц, Герман, АНУ-ын удирдагчидтай дараалан гар барьж, мэндэлсэн юм. Тэрээр Макрон, Меркель нартай хөнгөн гар бариад өнгөрсөн бол Трамптай уулзахдаа эрхий хуруугаа гозойлгож, харилцан бие биеийн мөрөн дээр нөхөрсгөөр алгадсан байна. via GIPHY Мөн хэвлэлүүд Путиныг ирэх үед удирдагч нарын царайны хувирал ямар байсныг гэрэл зургаар харуулжээ.
Энэ үед Трамп ганцаараа инээмсэглэж байсан бол Макрон, Меркель нар төв царай гаргасан нь харагдаж байгаа юм. Орой нь болсон хүлээн авалтын үеэр Трамп, Путин хоёр эхлээд зэрэгцэж суух хуваарьтай байсныг Францын тал өөрчилж, салгасан тухай эх сурвалжууд мэдээлж байна. Учир нь Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон тэднийг уулзуулахыг хүсэхгүй байгаагаа талуудад мэдэгдэж байжээ. Дэлхийн Нэгдүгээр дайн дууссан түүхэн үйл явдлын ач холбогдлыг Америк, Оросын удирдагч нарын уулзалт алдагдуулахаас болгоомжилсон хэрэг гэж үүнийг тайлбарлаж байна.
Гэвч нутаг буцахын өмнө Путин хэвлэлийнхэнтэй уулзахдаа Трамптай товч уулзсан, үр дүн сайн байсныг мэдэгджээ. Энэ сарын сүүлээр Аргентины нийслэл Буэнос Айрес хотод Их 20-ын уулзалт зохион байгуулагдах бөгөөд энэ үеэр Трамп, Путин нар уулзана гэж талууд мэдээлсэн байна.
Эх сурвалж: Business Insider, Russia Today