Арьсны өвчин судлалын үндэсний төвийн Хүүхдийн тасгийн эрхлэгч, Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭХ-ны Алтан чагнуур дээд шагналт Г.Дашиймаатай хүүхдийн арьс арчилгааны талаар ярилцлаа.
-Хоёулаа яриагаа хүүхдийг эхийн хэвлийд байх үеэс эхлэх нь зүйтэй байх. Хүүхэд хэвлийд байхдаа арьсны өвчтэй буюу харшилтай болох магадлал бий юу?
-Төрөх насны эмэгтэйчүүдэд зөвлөмөөр санагддаг. Жирэмсэн болохоороо манайхан юу ч хамаагүй идээд эхэлдэг. Исгэлэн жимс, чихэр, бялуу зэрэг харшлуулагч хүнсний бүтээгдэхүүнийг их хэмжээгээр идчихдэг. Жирэмсэн байхдаа болон хөхүүл үедээ иймэрхүү хүнс хэрэглээд байхаар хүүхэд харшламтгай болох нэг шалтгаан болдог.
-Мэдээж жирэмсний эхний гурван сард эм тан, элдэв зүйлийг хориглодог л доо. Тэгэхээр энэ талаар одоо л мэдэж байгаа, гурваас дээш сартай жирэмсэн эмэгтэйчүүд харшлын эсрэг эм бэлдмэл хэрэглэж болох уу?
-Ер нь хүүхдээ төрүүлээгүй байхад харшилтай болж магадгүй гээд эмчилгээ хийлгэнэ гэж байхгүй. Харин эх өөрөө харшилтай бол заавал эмч л эмчилнэ. Дур мэдэн өөрөө янз бүрээр эмчлэх гэж оролдож болохгүй.
-Хүүхэд төрлөө. Төрөнгүүт одоо манайхан шууд памперс буюу бэлэн живх хийдэг болсон. Гэтэл живхнээс болж хүүхэд харшиллаа гэх яриа их гардаг. Үүнээс үүдэн ийм живх нь сайн, муу гэж янз бүрийн дүгнэлтийг дураараа яриад эхэлдэг. Үнэхээр живхний чанараас болж байна уу, тухайн хүүхдийн арьсны онцлог нөлөөлдөг юм болов уу, өөр ямар нэг шалтгаан бий юу?
-Би бол живх чанаргүйгээс болж харшилж байна гэдэгтэй санал нийлдэггүй. Яагаад гэвэл, манай ихэнх хүмүүс живхээ хийгээд, хэдий хугацааны дараа живхээ солих вэ, мөн живхээ солих хоорондоо хүүхдээ угааж байна уу, тосолж байна уу, үгүй юу гэдэг нь хамгийн гол нь. Тэгэхээр живхний буруу хэрэглээнээс болж живхний харшил их гардаг гэж би боддог. Амьдрал дээр ч ийм байдал элбэг. Ер нь аливаа юмыг муулахаас урьтаж зөв хэрэглэвэл илүү бодитой үр дүнг харах боломжтой.
-Жонсонгийн бүтээгдэхүүнүүдийг дэлхий даяар хориглоод эхэллээ гэж ярьж байна. Үүнээс харшилсан гэх хүүхэд хэр олон байна вэ?
-Сүүлийн үед Жонсонг хэрэглээд харшилчихлаа гэж олон ээжүүд хэлж байна. Гэхдээ яг Жонсонгоос болсон уу, үгүй юу гэдэг баталгааг би баталж хэлэхгүй. Жонсон хэрэглээд хүүхдийн чинь арьс чийгшихгүй, хуурайшилт нь улам нэмэгдээд байвал түүнийг заавал хэрэглэх албагүй шүү дээ.
-Манайд хүүхдийн арьс арчилгааны бүтээгдэхүүн хэр элбэг байна. Хамгийн гол нь үр дүнтэй, чанартай бүтээгдэхүүн хийж чаддаг болов уу. Эсвэл туршилтын шатандаа явна уу?
-Аль болох бид үндэсний үйлдвэрлэлээ дэмжих бодол хэн бүхэнд бий. Сүүлийн үед манайхан өөрсдөө янз бүрийн бүтээгдэхүүнүүд хийж эхэлж байна. Надад байгаа хамгийн сүүлийн мэдээллээр бол Монкрем хүүхдэд зориулсан шампунь, чийгшүүлэгч тос зэргийг гаргасан юм билээ. Бас энэ нь эрэгтэй, эмэгтэй хүүхдийнх гэж гарч байгаа нь сонирхолтой санагдаж байсан.
-Хүүхдийн арьс арчилгааны бүх төрлийн бүтээгдэхүүн дээр нэг ойлголт байдаг. Хэт хурц үнэртэй болон тод өнгөтэй байвал муу гэж ярьдаг. Энэ хэр үнэний хувьтай вэ?
-Энэ тухай шинжлэх ухааны үндэслэлтэй баталсан зүйл алга. Гэхдээ би ч гэсэн хүмүүст зөвлөдөг. Аль болох өнгөгүй, үнэргүй, натураль бүтээгдэхүүн хэрэглэхийг хичээх хэрэгтэй гэж ээж аавуудад зөвлөж байна. Химийн орц найрлага олон байх тусам харшлуулах нөхцөл илүү бүрддэг гэж үздэг. Мөн дээр нь хүүхдээ зөв арчилж чадахгүй байна. Усанд оруулахдаа юугаар ч хамаагүй угааж байна.
Сүүлийн үед практикаас харахад Safeguard савангаар хүүхдээ усанд оруулж байна. Энэ бол буруу. Хүн гараа бохирдсоны дараа гараа л угаах зориулалттай, нянгийн эсрэг үйлчилгээтэй савангаар нялх хүүхдийн биеийг угаадаг.
-Цэцэрлэгүүд бүгд Safeguard авчрахыг шаарддаг. Цэцэрлэгийн насны хүүхдэд гайгүй юу?
-Яг ямар зориулалтаар нэхдэгийг би мэдэхгүй. Цэцэрлэгтээ хүүхдүүд гараа угааж байгаа ч савангаараа их тоглож, удаан хэрэглэдэг. Үүнээс болж харшилсан хүүхэд ирдэг. Гараа угаахдаа гол нь зөв угаах ёстой. Савангаа сайн арилгаад дараа нь тосолж байх хэрэгтэй.
–Сурагчид шингэн саван их хэрэглэдэг. Шингэн савангийн нөлөө хэр байдаг юм бол?
-Амьдрал дээрээс харахад шингэн саванг хүүхдүүд бас ойр ойр, их хэрэглэх нь муу гэж бодож байна. Арьсных нь их гүнд нэвтэрдэг учраас эмзэг арьстай хүүхэд харшилдаг. Эрүүл хүүхдэд бол гайгүй.
-Хүүхдийн дунд элбэг тохиолддог харшлын өвчин бол диатез. Диатез хэдэн сартайгаас илэрч, мэдэгддэг юм бэ?
-Хүүхдийн арьс улайгаад, хуурайшаад л эхлэх юм бол хүүхдийн арьс эмзэг болжээ гэж ээж аавууд бодох хэрэгтэй. Тэгээд шууд эмнэлэгт үзүүл. Ер нь онолын хувьд хоёр сартайгаас эхэлдэг гэдэг. Гэхдээ амьдрал дээр, ялангуяа сүүлийн үед арьс нь харшилсан сар хүрээгүй хүүхдүүд маш их ирж байна. Тиймээс хоёр сар гэдэгтэй санал нийлэхгүй байгаа. Нярай хүүхэд ингэж их харшилж байгааг би ээжүүдтэй л холбож хэлэх гээд байна. Ээжүүд жирэмсэн байхдаа огт хоолны дэглэм барьж байгаагүй, хөхүүл байхдаа ч хоолны дэглэм барьдаггүйтэй холбоотой.
-Диатез эмчлэгддэг үү?
-Эмчлэгдэнэ. Гурван нас хүртэл бүрэн эмчлэгдэнэ. Хүмүүсийн буруу ойлголт байдаг. Хөхнөөсөө гарахаар зүгээр болчихно гэсэн нэг ойлголт байна. Энэ угаасаа л ийм болчихсон юм чинь гээд орхидог хүмүүс байна. Тэгвэл гурван наснаас нь өмнө дэглэм сайн бариад, арчилгаа сайн хийгээд явах юм бол бүрэн эдгэдэг өвчин. Гурваас дээш настай юм чинь гээд орхиж болохгүй. Эмнэлэгт үзүүлээд эмчилгээ хийлгэснээр намжмал байдлыг нь буюу эрүүл байх хугацааг нь уртасгаж болно. Эмчлэгдэнэ л гэсэн үг.
-Хүний арьсны онцлог төрөлхийн байдаг юм болов уу?
-Ер нь нярай хүүхэд эмзэг булбарай зөөлөн арьстай шүү дээ. Гэтэл хэт эмзэг арьстай хүүхэд бий. Тэр нь арьсны өвчин үүсэхэд нөлөөлдөг. Харин тослог арьстай хүүхэд гэж байхгүй, ерөнхийдөө хэвийн байдаг. Яваандаа арчилгаатай холбоотойгоор янз бүр болно гэж ойлгож болно.
-Манайханд элбэг тохиолддог бас нэг арьсны өвчин бол хайрст үлд. Үүний уг шалтгаан нь юу юм бол?
-Бактерийн буюу нянгийн гаралтай тодруулбал, хоолой, шүдний өвчин, мөн стресс, удамшил гэх мэт олон нөлөөлөл энэ өвчний шалтгаан болдог. Тиймээс хүүхдээ багаас нь нянгийн гаралтай өвчлөлөөс сэргийлэх хэрэгтэй.
-Харшлаас өөр арьсны ямар өвчнөөр хүүхэд өвчлөх магадлалтай вэ?
-Ямар нэг зовиургүй, загатнахгүй, яах ч үгүй, арьс алагших өвчин гэж байна. 20-иод жилийн өмнө би анх тийм хүмүүсийг эмчилж эхэлж байлаа. Тэр үед ихэвчлэн том хүмүүс, бага нь 7-10 настай хүүхдүүд эмчлэгдэж байсан. Гэтэл одоо бол нэг нас ч хүрээгүй хүүхэд арьс цайрах өвчтэй болж байна.
-Үүний шалтгаан нь юу юм бол?
-Орчин, агаар, хоол хүнс, стресс гээд юм юм л нөлөөлж байгаа. Гэхдээ яг юунаас вэ гэсэн шалтгаан нь өнөөг хүртэл тодорхойгүй. Ер нь арьсны өвчний хамгийн хэцүү нь ихэвчлэн шалтгаан нь тодорхойгүй байдаг.
-Арьсны ямар нэг асуудалтай болсон хүүхдэд сорил тавьж оношлох уу?
-Бага насны хүүхдэд сорил тавихгүй. 7-8 нас хүртэл сорил тавьдаггүй. Ядаж л 15 минут хөдөлгөөнгүй сууж чадах насны хүүхэд байвал сорил тавина. Гэхдээ одоо дэвшилттэй, хүүхдээс цус аваад цусанд нь сорил тавих боломжтой болсон.
-Арьсны өвчин судлалын үндэсний төвөөр үйлчлүүлж байгаа хүүхдүүд ихэвчлэн ямар өвчний оноштой байна?
-Манайх 44 ортой, жилдээ 1500 орчим хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс судалгаа хийхэд хамгийн их тохиолдож байгаа нь хайрст үлд байгаа. Дараа нь хүүхдийн экзем байна.
-Хүйтний, халууны, нарны харшил гэж бий. Бага насны хүүхэд ийм харшил тусдаг уу?
-Байна, сүүлийн үед элбэгшээд л байна. Агаарын бохирдол, хүнсний аюулгүй байдал харшилд маш их нөлөөтэй байдаг. Ялангуяа хүнсний аюулгүй байдалд үнэхээр анхаарахгүй бол болохоо байлаа. Гэвч хэн анхаараад, арга хэмжээ авах юм бэ гэдгийг хэлэхэд хэцүү.
-Ярилцлагын төгсгөлд та уншигчдад хандаж дээрх бүгдийг базаад товчхон зөвлөгөө өгөхгүй юу. Гоо сайхны чухал эрхтэн болсон арьсны арчилгааг бага, хүүхэд наснаас нь яаж анхаарч, яаж арьсны өвчлөлөөс сэргийлэх вэ?
-Ер нь хөхүүл ээжүүд хооллолтондоо маш их анхаарах ёстой. Хөхүүл, жирэмсэн гэлтгүй хүн бүр Монгол маягаараа хооллох хэрэгтэй л дээ. Шарсан хуурсан, хурц хоолноос аль болох татгалзаад, сайхан буцалгасан, жигнэсэн хоол идэх нь зөв. Хонины шөл, монгол хөрсөнд ургуулсан ногоо гээд бидэнд аюулгүй хүнс хэрэглэх боломж бий шүү дээ. Гэтэл ялангуяа ээжүүд шинэ хүнтэй болсон гээд баярлаад л замбараагүй элдэв юм идэж уух нь буруу. Хөхөндөө сүү оруулах гэж байна гээд манайхан шар айраг хүртэл уудаг. Эдгээр нь сайн юм биш, хүүхэд харшламтгай болно гэдгийг байнга бодож байх хэрэгтэй гэж захимаар байна.
-Үнэтэй зөвлөгөө, мэдээлэл өгсөнд баярлалаа.
Я.ХУЛАН