Яндангийн утаа шүүх санал ялагдал хүлээлээ

УИХ-ын чуулганы өчигдрийн (2018.10.25) хуралдаанаар Монгол Улсын 2019 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байнгын хороонд шилжүүлсэн юм.
Хоёрдугаар хэлэлцүүлгийн үеэр улсын төсөвт тусгасан таван ажлын зардлыг бууруулах, 13 ажлын зардлыг нэмэгдүүлэхээр болсон. Эдгээрээс олны анхаарал, шүүмлэлд ороод байсан нэг зүйлийг онцлоход, агаарын бохирдлыг бууруулах зардлыг 80 тэрбум төгрөгөөр бууруулахаар болсон байна. Тодруулбал, Засгийн газрын өгсөн саналаас агаар орчны бохирдлыг бууруулахад зориулж 146 тэрбум төгрөг төсөвлөсөн байсан. Индукцийн аргаар агаарын бохирдлыг бууруулах буюу гэр хорооллын айлуудын янданд тавих шүүлтүүрийг худалдаж авахад 100 орчим тэрбум төгрөг тусгаснаас 80 тэрбум төгрөгийг хасчээ.