УИХ-ын нэгдсэн чуулганаар Засгийн газраас 2018 оны есдүгээр сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2020-2021 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн М.Билэгт, Л.Болд, Д.Тэрбишдагва, Ч.Улаан, Б.Энх-Амгалан нар асуулт асууж, хариулт авлаа. Тухайлбал 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Тэрбишдагвын “2020, 2021 онд янз бүрийн бондуудын өр ирэх учраас хүндрэлүүд бий болох уу, үүнийг тооцож чадсан юм уу? Зөвхөн Засгийн газрынхаа өрөөр тооцож үзээд байна уу? Макро эдийн засгийн хувьд харсан юм байна уу?” гэсэн асуултад Сангийн сайд Ч.Хүрэлбаатар:
-Тугамдаж байгаа өрүүд бий. 2021-2023 онд бондуудын гол ачааллууд ирж байгаа. 2021онд “Мазаалай” бондын 500 сая ам.долларын, 2022 “Чингис” бондын 1 тэрбум ам.доллар, 2023 онд 800 сая ам.долларын “Гэрэгэ” бондын өрийг төлнө. Нийлбэр нь 2,3 тэрбум ам.долларын өр энэ гурван жил дээр очиж байгаа юм. 2020 оны сонгуулийн дараа шийдэх ёстой асуудал юм байна гэж орхихгүйгээр энэ өр зээлийг төлөх тал дээр нэлээд санал санаачлага гарган ажиллаж байгаа.
1 жилд 1 тэрбум долларын өр төлөхөөр эргээд ханшид, валютын нөөцөд нөлөөлдөг, эдийн засгийн савалгаа үүсэх эрсдэлтэй тул үүнээс сэргийлж ачааллыг жигд болгох чиглэлээр Сангийн яам санаачлагатай ажиллаж байгаа. Аливаа нэг жилд өндөр хэмжээний өр төлдөг асуудлаас сэргийлэхийн тулд ачааллыг жигд болгох тал дээр бид санаачлага гаргаад ажиллаж байгаа. Шаардлагатай бол УИХ-д оруулж ирж шийдвэр гаргуулна. Засгийн газрын өрийн ДНБ-д эзлэх хувь хэмжээ энэ оны төгсгөлд 63 хувьтай байхаар байна. Харин 2019 онд 53 хувь, 2020 онд 41 хувь руу орж буулгах зорилт тавьж байгаа. Энэ дээр санаа зовох зүйл бага гэсэн хариулт өглөө.
1 comment
Яагаад дарга сайд хийж байхдаа тавьсан нам дамжсан олигархиудын өр ширийг ард түмний халаас хоолноос таллаж хувааж өгөх ёстой юм?Наад төсвийн мөнгө чинь та бүхний будаж янзалдаг амбаар чинь биш шүү.Офшорчидын мөнгийг оруулж ирнэ гэсэн амлалтаа МАН биелүүлж тэр мөнгөөрөө өрийг өөрсдөөр нь төлүүлэх ёстой.Гол нь хариуцлага!!?? бас дахин хариуцлага…