Мөрдөн шалгах хэлтсээс 2018 оны 10 дугаар сард гэмт хэргийн шинжтэй 55 гомдол, мэдээлэл хянан үзсэн. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 386 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан.
Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Засаг даргын Тамгын газрын удирдах албан тушаалтан нь тус суманд улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжих зураг төслийн ажлыг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж холбогдох хууль тогтоомжийг зөрчин гэрээ байгуулж бусдад давуу байдал бий болгосон гэх үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах саналыг прокурорын байгууллагад хүргүүлсэн.
“Буянт-Ухаа спортын ордон” төрийн өмчит аж ахуйт тооцооны газрын эрх бүхий албан тушаалтан нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглан өөрийн хамаарал бүхий компанийг хууль бусаар шалгаруулж давуу байдал бий болгосон гэх үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах саналыг прокурорын байгууллагад хүргүүлсэн.
Төрийн албан тушаалтан Э, Г нар нь хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлснийхээ хариуд бусдаас хахууль авсан гэх хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлсэн.