Монголд анх удаа зохион байгуулсан “Miss Universe Mongolia” гурван сарын хугацаанд үргэлжилж, энэ сарын 17-нд үндэсний ялагчаар Д.Долгион түрүүлж, тэргүүн шагналын титмийг хүртэв. Анхны ялагчаар тодорсон тэрээр 2012 онд “Мисс Moнголиа” шалгаруулалтын үндэсний ялагч болж, Японд болсон ”Miss International 2012” тэмцээнд оролцож байсан туршлагатай нэгэн юм.
Харин “Miss Universe Mongolia” уралдааны дэд байрт “Мисс Монголиа 2010” уралдааны дэд байрын эзэн, “Дэлхийн мисс”-ийн 2014 оны шалгаруулалтад эх орноо төлөөлөн оролцож байсан Т.Батцэцэг шалгарлаа.
“Miss Universe” хэмээх энэхүү гоо сайхны олон улсын уралдаан нь хамгийн ардчилсан гэдгээрээ мисс шалгаруулах төрлийн бусад уралдаанаас онцлог шалгаруулалт юм.
Ийнхүү 67 жилийн дараа “Miss Universe”-ын тайзнаа урьд өмнө байгаагүй Монгол гоо бүсгүйн өнгө төрхийг олон улсад харуулахаар анхны оролцогч Д.Долгион гараандаа бэлдлээ. Өөрөөр хэлбэл “Miss Universe” уралдаан энэ жил 67 дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа юм.
Я.ХУЛАН