Худалдаа эрхэлдэг иргэд урд хөршийг зорихдоо хүүхдээ дагуулж явдгаас үүдэн хүүхдийн эрх зөрчигдөх тохиолдол гарсаар байна. Тухайлбал, Эрээн хотод нэгэн Монгол ээж худалдан авалт хийж яваад алдагдалд орж, барьцаанд нь хүүхдээ үлдээсэн хэрэг гарчээ.
Холбогдох байгууллагууд ээжийг нь хайсаар олж тогтоосон аж. Ингээд “Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар” тав гаруй сая төгрөг өгч хүүг Монголд авчирсан байна. Хүүгээ барьцаалсан ээж нь гэр бүлээсээ салсан, архины хамааралтай нэгэн аж. Мөн ГБХЗХГ-ын мэдэгдсэнээр Эрээн хотод дахин нэг Монгол хүү байгаа юм байна. Хүү монгол хэл мэдэхгүй байгаа нь Монголд авчрахад хамгийн том асуудал болоод байгаа аж. Түүнчлэн ГБХЗХГ-аас хилийн хоёр боомт, болон хүчирхийлэл их үйлдэгдэж байгаа нэг суманд хамгаалах байр шинээр байгуулжээ.