Нийслэлийн Налайх дүүргийн гуравдугаар хороонд иргэн З-гийн эзэмшлийн уурхайд хоёр иргэн осолджээ. Энэ тухай дуудлага өчигдөр/10.07/ 20:11 цагт онцгой байдлын байгууллагад ирсэн байна.
Дуудлагын дагуу Үндэсний аврах бригадын харьяа Уул уурхайн аврах ангийн 19 алба хаагч 20:20 цагт очиход 55 градусын налуутай, 82 метрийн гүнд агаарын хоолой тасарч тус дүүргийн гуравдугаар хорооны оршин суугч иргэн З /42 настай, эрэгтэй/, иргэн Б /28 настай, эрэгтэй/ нар хүчилтөрөгчийн дутагдалд орж осолдсон байжээ. Улмаар алба хаагчид 1 цаг 10 минут ажиллан цогцсыг гаргаж, цагдаа болон эмнэлгийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.